5000 дроноор тэнгэрт нөхөрлөлийг дүрсэлжээ


БНХАУ-ын Чунцин хотод 11 дүгээр сарын 22-ны орой Хятад, АСЕАН-ы 7 хоногийн хүрээнд 5000 нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) оролцсон, гэрлэн шоу зохион байгууллаа. Дронууд хотын шөнийн тэнгэрт Хятад болон Зүүн өмнөд Азийн орнуудын найрамдал, хамтын ажиллагааг илэрхийлсэн олон төрлийн дүрс бүтээсэн байна.

Тус шоуны үеэр “2026 оны Хятад, АСЕАН-ы 7 хоног” гэсэн бичиг, “Чунцин хотод тавтай морил” гэсэн мэндчилгээ, Хятад болон АСЕАН-ы орнуудын алдартай барилга байгууламжийн дүрсийг тэнгэрт гэрэлтүүлжээ. Мөн дроноор бүтээсэн “5”, “15” гэсэн тоо нь Хятад, АСЕАН-ы иж бүрэн стратегийн түншлэл тогтоосны 5 жилийн ой болон Хятад, АСЕАН-ы төв байгуулагдсаны 15 жилийн ойг бэлгэдсэн байна.

Үүнээс гадна Хятад болон АСЕАН-ы орнуудыг холбосон төмөр зам, далайн тээврийн зам, гүүр, эрчим хүчний дэд бүтэц, эмнэлгийн хамтын ажиллагаа, залуусын солилцоо, ухаалаг үйлдвэрлэлийн дүрслэлүүдийг үзүүлжээ. Шоуны төгсгөлд “Стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан холбогдож, хамтын хөгжил цэцэглэлтийг бий болгоё” гэсэн уриа тэнгэрт тодорч, 5000 дрон нэгдэн Чунцин хотын бэлгэдэл болох цайны цэцгийн аварга дүрс бүтээсэн байна.

Лаосын төлөөлөгч Ким Ин Лин дүрслэл бүрийг нарийн төлөвлөж, улс орнуудын онцлогийг харуулсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Харин Индонезын үндэсний телевизийн мэдээний хөтлөгч Хабиб Вижаяа энэхүү үзүүлбэр Чунцин хотын онцлогийг олон улсын арга хэмжээтэй уялдуулан харуулсан гайхалтай зохион байгуулалт болсныг онцолсон байна.

2026.11.22-нд Хятад, АСЕАН иж бүрэн стратегийн түншлэл тогтоосны 5 жилийн ой тохиож байгаа юм. Түүнчлэн хоёр тал 1991 онд яриа хэлэлцээний харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд зохион байгуулж буй Хятад, АСЕАН-ы 7 хоног нь эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, соёл, боловсрол, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх зорилготой юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *