АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп агаарын довтолгооноос хамгаалах Patriot системийг Украинд илгээх талаараа өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн байна.
Тэрээр хэлэхдээ “ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин наанаа сайхан зүйл ярьчихаад, орой нь Украиныг бөмбөгдөж байгаа” тул Украин улсад шаардлагатай байгаа зэвсгийн тусламжийг үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Хэдийгээр Трамп хичнээн ширхэг Patriot систем Украинд нийлүүлэхээ тодорхой мэдээлээгүй ч зардлыг нь Европын Холбоо төлөх болно гэсэн байна. АНУ зөвхөн Patriot гэлтгүй Украин улсад олон тооны зэвсэг нийлүүлэх бөгөөд “төлбөр, тооцоог нь 100% авах болно, энэ бол цэвэр бизнес”хэмээн Трамп хэлсэн байна.
Трамп мөн ОХУ-ын шинэ хориг арга хэмжээ авахаа цухалзуулж, ОХУ-ын төрийн тэргүүнд сэтгэл хангалуун бус байгаагаа дахин илэрхийлжээ.
Украины дайны асуудалтай холбоотой хоёр томоохон уулзалт даваа гарагт болоод байна. Эхнийх нь Орос, Украины асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Кейт Келлоггын Украинд хийх айлчлал бөгөөд даваа гарагт тэрээр Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзсан юм.

Украины ерөнхийлөгч К.Келлоггтой хийсэн уулзалтыг “маш үр бүтээлтэй” уулзалт болсныг онцолж, Украины агаарын хамгаалалтыг бэхжүүлж, Украин-Америкийн хамтарсан зэвсгийн үйлдвэрлэл болон Европын улс орнуудтай хамтран Америкаас зэвсэг худалдаж авах асуудал, мөн Оросын эсрэг олон улсын хориг арга хэмжээг улам чангатгах боломж, бололцооны талаар хэлэлцсэнээ мэдэгджээ.
Харин нөгөөх нь АНУ-ын ерөнхийлөгч Трамп, НАТО-гийн ЕНБД Марк Рютте нарын даваа гарагт Вашингтон хотноо хийсэн уулзалт бөгөөд уулзалтын үеэр Трамп ОХУ-ыг Украинд хийж буй дайнаа 50 хоногийн дотор (9-р сар хүртэл) зогсоохгүй бол 100%-ийн тариф ногдуулж, томоохон хэмжээний эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн Трамп ОХУ-тай худалдаа явуулдаг улс орнуудад өндөр хувь хэмжээ бүхий импортын тариф ногдуулахаа мэдэгджээ. Мөн тэрээр НАТО-гоор дамжуулан Киев зэвсэгт нийлүүлэх төлөвлөгөө Марк Руттетэй хэлэлцсэн байна.

Ийнхүү анх талуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, хэд хэдэн удаа гал зогсоох, дайныг өндөрлүүлэх яриа хэлэлцээг явуулж, энхийн гэрээ байгуулах санал санаачлагыг тавьж байсан АНУ-ын ерөнхийлөгчийн байр суурь өөрчлөгдөж, ОХУ-ын ерөнхийлөгчийг харзнасан байдал нь солигдож, Путиныг нээлттэй шүүмжилж, Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар сүрдүүлж, энхийн гэрээ байгуулах товыг Москвад тулгаад байна.
Энэ үеэр Оросын зэвсэгт хүчин Украины хотуудыг олон зуун дрон болон баллистик пуужингаар үргэлжлүүлэн довтолсоор байгаа бөгөөд зөвхөн 06-р сард гэхэд л өнгөрсөн оны 6-р сартай харьцуулахад 10 дахин их тооны дрон болон пуужингийн цохилтыг Украинд үзүүлж, үүний улмаас 232 хүн амь үрэгдэж, 1343 хүн бэртэж гэмтсэн талаар эх сурвалжууд мэдээллээ.