Францын ерөнхий сайд Франсуа Байру мягмар гарагт улсын төсвийг танах төлөвлөгөөг танилцуулсан байна.
Тэрээр мягмар гарагт засгийн газар болон парламентын гишүүд, сэтгүүлчдийн өмнө тавьсан илтгэлдээ улсын төсвөөс 43.8 тэрбум еврогийн хэмжээ бүхий таналт хийхээр танилцуулсан бөгөөд үүнд үндэсний хэмжээнд тэмдэглэдэг хоёр баярын өдрийг (Улаан өндөгний даваа гараг болон 5-р сарын 8-нд тэмдэглэдэг Европын ялалтын баяр) халах, баян чинээлэг хүмүүсийн татварын хөнгөлөлтийг хязгаарлах, төрийн албаны ажлын байрыг цомхотгох, бизнес эрхлэгч, тэтгэвэрт гарсан иргэдэд үзүүлдэг татварын хөнгөлөлтийг цуцлах зэрэг арга хэмжээнүүдийг багтаажээ.
Франсуа Байру хэт их өр зээл нь улс орны хувьд “үхлийн аюул” дагуулж байгааг онцолж, Франц улсын өр зээлийн хэмжээ секунд тутамд 5000 еврогоор нэмэгдэж байгааг хэлсэн байна.
Мөн тэрээр Грек улсын жишээг мартаж болохгүйг сануулж, Франц улсын санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын бодит үнэнтэй нүүр тулгарах цаг нь ирээд байгааг ард түмэндээ анхааруулжээ.
Франц улсын төсвийн алдагдал 2024 онд ДНБ-ий 5.8 хувьдхүрч, 168.6 тэрбум евро болсон нь Европын Холбооны дүрмийн зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс хамаагүй давсан юм. Үүнийг шийдвэрлэхийн тулд Байру төсвийн алдагдлыг энэ онд ДНБ-ий 5.4 хувь, 2026 онд 4.6 хувь хүртэл бууруулж, цаашлаад 2029 он гэхэд ЕХ-ны тогтоосон 3 хувийн босгоос доош буулгах зорилгоор төсвөө хэдэн арван тэрбум еврогоор танах талаараа ийнхүү онцлон танилцуулжээ.
Өнгөрсөн оны 12-р сард ерөнхийлөгч Э.Макрон Франсуа Байруг ерөнхий сайдын албан тушаалд сонгон томилсон бөгөөд түүнээс хойш Ф.Байру түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаарх парламентын 8 удаагийн санал хураалтыг давж гараад байгаа бол хэт барууны үзэл баримтлал бүхий Үндэсний Ралли намын зүгээс Франсуа Байру-гийн дэвшүүлээд буй төсөв танах саналыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, түүний засгийн газрыг татан буулгах асуудлаар ахин нэг санал хураалт явуулахыг хэдийнээ уриалжээ.