Монгол Улс, ОХУ-ын нутаг дэвсгэрийг дамнасан “Торгоны зам 2025” (Silk Way Rally) олон улсын бартаат замын авто уралдаан 11 өдрийн турш болж өндөрлөж байна.
ОХУ-ын Эрхүү хотоос гараагаа эхэлсэн ралли Улаанбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар дайран өнгөрч нийт 5500 км замыг туулж барианд орлоо.
Энэ жилийн ралли уралдааны мотоциклийн ангилалд ОУХМ Пүрэвдоржийн Мөрөн ялалт байгуулж, “Цагаан арслан” цомын эзэн болж байна. Тэрээр өнгөрсөн жилийн уралдаанд хоёрдугаар байрт орж мөнгөн медаль “Газпром”-ын цомын эзэн болж байсан бол энэ жил амжилтаа ахиулж аварга боллоо.
П.Мөрөнгийн хувьд мөрний бэртэлтэй байгаа хэдий ч нийт 11 өдрийн турш уралдаж ийнхүү замаа дуусгаж, бариандаа орлоо. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард авто, мото спортын олимп гэгддэг “Дакар ралли”-д уралдаж мөн амжилттай замаа дуусгаж “финиш” хийсэн юм.



