Канад улс Палестиныг албан ёсоор улс гэж хүлээн зөвшөөрнө


Канадын ерөнхий сайд Марк Карни 9-р сард нээгдэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөхөөр болсныг лхагва гарагт мэдэгдлээ.

Тэрээр мэдэгдэлдээ Израил, Палестин зэрэгцэн орших “хоёр улсын шийдэл”-ийг дэмжиж байгаагаа илэрхийлж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы үеэр Палестиныг албан ёсоор хүлээн зөвшөөрөх талаараа хэлсэн байна. 

Мөн тэрээр Палестинд зайлшгүй шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтийг явуулахад ерөнхийлөгч Махмуд Аббасын засгийн газрын хүчин чармайлт чухал шаардлагатайг хэлж, 2026 онд явагдах нэгдсэн сонгуульд Хамас бүлэглэл ямар ч оролцоогүй байх, Палестин улсыг зэвсэггүйжүүлэх зэрэг Махмуд Аббасын өгсөн амлалтад үндэслэн Канад улс уг шийдвэрийг гаргаад байгааг онцолжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас өмнө Канад улс энэхүү шийдвэрээ өөрчлөх боломжтой хувилбар байгаа юу гэсэн сэтгүүлчийн асуултад Марк Карни “тийм хувилбар байх боломжтой ч би хувьдаа төсөөлөхгүй байна” хэмээн хариулжээ.

Ийнхүү 9-р сард Палестин улсыг хүлээн зөвшөөрөхөө зарласан Франц, Их Британи улсуудтай Канад улс нэгдэхээр боллоо.

Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас Канадын ерөнхий сайдын мэдэгдлийг “түүхэн шийдвэр” хэмээн тодотгож, эерэгээр хүлээн авч буйгаа мэдэгдсэн бол өмнө нь ижил шийдвэр гаргасан Франц улсын зүгээс “бүс нутагт энх тайвныг цогцлоох үйлсэд бид хамран ажиллах болно” гэжээ.

Харин Израилын зүгээс Канадын шийдвэрийг эрс эсэргүүцэж, хурцаар шүүмжлээд байна. Оттава хот дахь Израилын ЭМЯ-ны зүгээс “хариуцлага хүлээх чадвартай засгийн газаргүй, бүрэн бүтэн үйл ажиллагаатай төрийн институцигүй, тодорхой бодит удирдлагагүй Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх нь 2023 оны 10-р сарын 7-нд аймшигтай хэрцгий халдлага үйлдсэн Хамас бүлэглэлийг шагнан урамшуулж, үйл ажиллагааг нь хүлээн зөвшөөрч байгаа хэрэг” хэмээн мэдэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *