Цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоо хоногт залилах гэмт хэргийн шинжтэй 164 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал телеграммаар цахим орчинд цагийн ажил хийлгэж мөнгө өсгөнө, урамшуулал олгоно, бараа бүтээгдэхүүн зарна, автомашины дагалдах хэрэгсэл, сэлбэг худалдана гэх мэт зэрэг зарын дагуу залилах гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Мөн өчигдөр буюу нэгхэн хоногийн хугацаанд телеграмм хаягаар даалгавар биелүүлнэ гэсэн зарын нэгэн иргэн 11 сая төгрөг өгч залилуулжээ.
Залилагч нь тухайн хүний мэдээллийг авч нэг цагт 500 мянган төгрөг олж, бүх даалгавар мэдээллээ биелүүлсний дараа өсгөсөн мөнгөө банкны данс руу шууд авах боломжтой зэргээр богино хугацаанд хялбар мөнгө олох санал тавьдаг байна. Үүний дараа даалгавар биелүүлж мөнгө нь өсөж байгаа мэтээр харуулсан хуурамч сайтыг үзүүлж, өгсөн даалгаврыг биелүүлсэн тохиолдолд 10-30 хувиар өсөх боломжтой зэргээр итгүүлдэг аж.
Иймд энэ төрлийн зар мэдээлэлд шүүлтүүртэй хандаж сайтар нягтлан, үл таних хүнд мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.