Израилын ерөнхий сайд Газын зурвас дахь зэвсэгт хүчинд шинэ чиглэл өгөх болно гэв


Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху Газын зурваст Хамас бүлэглэлийн эсрэг цэрэг, дайны үйл ажиллагаа явуулж буй өөрийн улсын зэвсэгт хүчинд шинэ чиглэл өгөх асуудлаар энэ долоо хоногт кабинетын хуралдаан хийх болно хэмээн мэдэгдлээ.

Тэрээр даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Хамас бүлэглэлийн эсрэг дайны төлөвлөгөөг шинэчлэх болно гэдгээ амласан бол Израилын Channel 12, Америкийн CNN зэрэг сувгууд нэрээ нууцалсан албаны эх сурвалжийг эш татан мэдээлэхдээ Нэтаньяху-г Газын зурваст явуулж буй цэрэг, дайны үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, Палестины газар нутгийг бүхэлд нь эзлэж авахаар төлөвлөж байгаа гэв.

Газын зурваст үүсээд буй хүмүүнлэгийн хямралын улмаас Израил улсад үзүүлэх олон улсын дарамт шахалт улам нэмэгдэж буй үед Израилын ерөнхий сайд ийнхүү Хамасын эсрэг дайны төлөвлөгөөгөө шинэчлэхээр болоод байна.

Түүнчлэн Палестины нутаг дэвсгэрт хоригдож буй барьцааны хүмүүсийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдахаас нэг хоногийн өмнө Б.Нэтаньяху дээрх мэдэгдлийг хийлээ.

Израилын ерөнхий сайд мэдэгдэлдээ “энэ дайныг эхлүүлсэн гол гурван зорилгодоо хэрхэн хүрэх” тухай шинэ чиглэлийг энэ долоо хоногийн сүүлээр зэвсэгт хүчинд өгөх болно гэжээ.

Израилын зэвсэгт хүчний зүгээс өнгөрсөн долоо хоногоос эхлэн өдөр бүр байлдааны үйл ажиллагаагаа 10 цагийн хугацаанд зогсоох “хүмүүнлэгийг түр завсарлага”-ыг эхлүүлж, олон улсын хүмүүнлэгийн тусламжийг Газын зурваст нэвтрүүлж эхлээд байгаа ч 2 сая гаруй палестинчууд өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээрээ байсаар байна.

Мөн гал зогсоож, дайныг өндөрлүүлэх асуудлаарх хоёр талын яриа хэлэлцээ нэгдсэн тохиролцоонд хүрч чадахгүй байгаагаас үүдэн зогсонги байдалд ороод байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *