Дэлхийд анх удаагаа заг хүйтэн өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Их Британи улсад даваа гарагаас нэвтрүүлж эхлээд байна.
4CMenB хэмээх тус вакцин нь нялх хүүхдийг менингит В-ээс урьдчилан сэргийлэх зорилгоор анхлан бүтээгдсэн боловч заг хүйтэн болон менингит В өвчинг үүсгэгч бактери нь хоорондоо ижил төстэй тул заг хүйтэн өвчний эсрэг үр дүнтэй (30-40%) байдгийг тогтоожээ.
Ялангуяа тоо хэмжээ нь нэмэгдэж байгаа заг хүйтэн өвчний антибиотик эсэргүүцэх чадвартай тохиолдлуудыг бууруулахад вакцинжуулалт тус дөхөм болно гэж Британийн эмч нар найдаж байна.
Их Британи улсад бэлгийн замаар халдварладаг заг хүйтэн өвчний халдварын тоо хэмжээ өсөн нэмэгдэж, рекорд тогтоогоод байгаа бөгөөд халдварын эсрэг тэмцэх зорилгоор ийнхүү улс орон даяарх бэлгийн эрүүл мэндийн эмнэлгүүдэд вакциныг тарьж эхлээд байна.
2023 онд Их Британи улсад заг хүйтэн өвчний 85 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад уг өвчний халдварыг бүртгэж эхэлсэн 100 орчим жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байжээ.
Хамгаалалтгүй бэлгийн харьцаагаар дамждаг бактерийн халдвар бүхий заг хүйтэн өвчний эсрэг вакциныг эхний ээлжинд халдварын эрсдэл өндөртэй бүлэг буюу олон тооны бэлгийн хавьтагчтай ижил хүйстнүүд, бисексуал эрэгтэйчүүдэд санал болгох ажээ.
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн газраас мэдэгдсэнээр уг вакцинжуулалт нь 100 мянга хүртэлх халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд ойрын 10 жилийн хугацаанд БЗХӨ-ий эмчилгээ, үйлчилгээнд зориулагддаг төсвийн хөрөнгийг 8 сая фунт стерлингээр хэмнэх боломжтой гэдгийг онцолсон байна.