АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзав


Ойрхи Дорнодын асуудал хариуцсан АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф лхагва гарагт Москва хотноо ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзлаа.

Энэхүү уулзалт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын энэ сарын 8-ны дотор Украин улстай гал зогсоох тохиролцоонд хүрэхийг шаардаж, эс бөгөөс эдийн засгийн хориг арга хэмжээ авч, тариф ногдуулах  зэргээр сүрдүүлсэн ОХУ-ын эсрэг тавьсан ультиматумын эцсийн хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө явагдлаа.

ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаковын хэлснээр С.Уиткофф, В.Путин нарын уулзалт 3 цаг үргэлжилсэн бөгөөд “маш үр дүнтэй, бүтээлч” яриа хэлэлцээ болсон гэжээ.

Гэхдээ хоёр талаас яриа хэлэлцээний талаар ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Bloomberg болон Оросын хараат бус The Bell мэдээллийн агентлагийн мэдээлснээр Кремлийн зүгээс Орос, Украины агаарын довтолгоонд хориг тавихыг санал болгосон байж магадгүй байна. Уг саналыг өнгөрсөн долоо хоногт Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко В.Путинтэй уулзах үеэрээ хэлж байсан юм.

В.Путины хувьд энхийн хэлэлцээр байгуулахын тулд зүүн тийш тэлэхгүй байх НАТО-гийн хууль ёсны амлалт, Украины төвийг сахих бодлого, дайны үеэр Оросын Украинд эзлэсэн газар нутгийг ОХУ-ын газар нутагт нэгтэхийг хүлээн зөвшөөрөх, Украин дахь орос хэлтэй хүмүүсийг хамгаалах зэрэг нөхцлүүдийг тавиад байгаа юм. 

Харин Украины ерөнхийлөгч В.Зеленский ОХУ-д газар нутгаа хэзээ ч өгөхгүй, мөн НАТО-д гишүүнээр элсэх эсэхээ шийдэх бүрэн эрх нь Киевт байгаа хэмээн мэдэгдсэн билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *