Энэтхэгийн Уттараханд мужид үерээс үүдэлтэй хөрсний гулсалтын улмаас 50 хүн сураггүй алга болжээ


Лхагва гарагт Энэтхэгийн Уттараханд мужийн Дхарали хотын ойролцоох Гималайн уулсын бэлд орших Дхарали хэмээх жижиг тосгонд үерээс үүдэлтэй хөрсний гулсалт үүсэж, улмаар 4 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн сураггүй алга болсон талаар гамшгийн бүсэд эрж хайх, аврах ажлыг гүйцэтгэж буй Энэтхэгийн армийн зүгээс мэдээлжээ.

Мягмар гарагийн үдээс хойш гэнэт орсон усархаг борооны улмаас уулын бүсэд хөрсний гулсалт үүсэж, олон байшин барилга гулссан хөрс, шавар шавхайд дарагдсан байна.

Эрж хайх, аврах ажиллагаанд үнэрч ноход, дрон, газар шороо ухах машин механизм, техник хэрэгслүүдийг ашиглаж, цаг хугацаатай уралдан ажиллаж байгаа талаар зэвсэгт хүчний зүгээс лхагва гарагт мэдэгджээ.

Түүнчлэн бэртэж гэмтэгсдийг зөөвөрлөх, шаардлагатай эм тариа, бэлдмэл, хоол хүнс зэргийг зөөвөрлөхөд армийн нисдэг тэргүүдийг ашиглаж байгаа ба тосгоны оршин суугчдыг үерийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс өндөрлөг газарт нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авчээ.

Энэтхэг улсын цаг уурын албаны зүгээс лхагва гарагт мэдэгдсэнээр Уттараханд мужийн бүхий л томоохон голуудын усны түвшин аюултай хэмжээг даваад байгаа ажээ.

Энэтхэгт 6-9 сарын хооронд үргэлжилдэг борооны улирлын үеэр аюултай үер усны гамшиг, хөрсний гулсалт тохиох нь элбэг байдаг ч эрдэмтдийн зүгээс уур амьсгалын өөрчлөлт болон хотжилтын улмаас гамшгийн тоо, давтамж, учруулах хохирлын хэмжээ нэмэгдэж байгааг анхааруулсаар байгаа билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *