Дуучин Лэди Гага, Бруно Марс нар энэ жилийн MTV VMA шагнал гардуулах ёслолын хамгийн олон төрөлд нэр дэвшсэн уран бүтээлчдээр тодорсон байна.
Тэд хамтдаа өнгөрсөн жил “Die With A Smile” хэмээх хит дууг гаргасан бөгөөд уг хамтарсан бүтээлээрээ энэ жилийн наадмын “шилдэг дуу”, “шилдэг хамтрал”, “шилдэг поп уран бүтээл”, “шилдэг видео клип” гэсэн төрлүүдэд нэр дэвшээд байна.
2025 оны MTV Video Music Awards-т нэр дэвшсэн уран бүтээлчдийг энэ долоо хоногт танилцуулаад байгаа бөгөөд дээр дурьдсан уран бүтээлчдийн араас мөн реппер Кендрик Ламар, дуучин Сабрина Карпентер, Ариана Гранде нар хамгийн олон төрөлд нэр дэвшжээ.
Тодруулбал, дуучин Лэди Гага 12 төрөлд, Бруно Марс 11 төрөлд, реппер Кендрик Ламар 10 төрөлд, Сабрина Карпентер 8 төрөлд тус тус нэр дэвшсэн байна.
Энэ жилийн VMA шагнал гардуулах ёслолд мөн “шилдэг кантри уран бүтээл” болон “шилдэг поп уран бүтээлч” гэсэн хоёр шинэ төрөлд шагнал гардуулахаар болжээ.
MTV VMA шагнал гардуулах ёслолын түүхэнд хамгийн олон буюу тус бүр 30 шагнал хүртсэн хоёр уран бүтээлч байдаг нь дуучин Бейонсе болон Тэйлор Свифт нар юм. Тэд энэ жил тус бүр нэг төрөлд (хоёулаа “шилдэг уран бүтээлч” төрөлд) нэр дэвшсэн байна.
2025 оны MTV Video Music Awards ёслолын арга хэмжээ ирэх сарын 7-ны өдөр Нью Йорк хотын UBS Arena цогцолборт зохион байгуулагдана.