NASA 2030 онд саран дээр цөмийн реактор байгуулна


АНУ-ын сансар судлалын агентлаг 2030 онд саран дээр цөмийн реактор барьж байгуулахаар төлөвлөж байгаа талаар Америкийн хэвлэлүүд мэдээллээд байна. 

Америкийн Politico, CNN, New York Times зэрэгхэвлэлүүдийн мэдээлснээр NASA-гийн тэргүүн Шон Даффи цухуйлгасан бөгөөд тэрээр Хятад, Орос улсууд ч үүнтэй ижил төлөвлөгөө боловсруулаад байгааг онцолжээ. Тэрээр дээрх улсууд саран дээр “өөрсдийн гэсэн эзэмшлийн бүсийг тогтоож ч болзошгүй” гэсэн байна. 

Өнөөгийн байдлаар АНУ, БНХАУ, ОХУ, Энэтхэг, Япон улсууд сарны гадаргууг судлаж, улмаар эзэмшиж, зарим нь хүмүүсийг байршуулах төлөвлөгөөг хүртэл боловсруулаад байгаа юм. 

Тиймээс NASA-гийн хувьд саран дээр суурилсан эдийн засаг, цаашлаад Ангараг гараг дээрх өндөр эрчим хүчний ирээдүйг дэмжиж, АНУ-ын сансар дахь үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх үүднээс түргэвчилж, цаг хугацаатай уралдах шаардлагатай байгааг тус байгууллагын тэргүүн, АНУ-ын тээврийн төрийн нарийн бичгийн дарга Шон Даффи цохон тэмдэглэжээ.

Мөн тэрээр харьцангуй бага, хамгийн багадаа 100 киловаттын эрчим хүч үйлдвэрлэх боломжтой цөмийн реакторыг саран дээр байгуулах хувийн хэвшлийн компаниудыг саналаа илгээхийг давхар уриалсан байна. 

Гэхдээ саран дээр цөмийн цахилгаан станц байгуулж, эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох нь тийм ч шинэлэг санаа биш юм. 2022 онд NASA саран дээр ажиллах боломжтой цөмийн реактор зохион бүтээх 5 сая долларын гурван гэрээг компаниудад олгож байжээ. Харин энэ оны 5-р сард Хятад, Орос улсууд 2035 онд саран дээр бүрэн автомат ажиллагаатай цөмийн цахилгаан станц байгуулах хамтарсан төлөвлөгөөг зарлан танилцуулсан билээ. 

NASA-гийн хувьд 2027 онд Artemis 3 хөлгөөр саран дээр хүн буулгахаар төлөвлөөд байгаа ч төлөвлөгөөнд хэд хэдэн удаа өөрчлөлт орж, мөн төсөв санхүүгийн асуудал дээр тодорхойгүй байдал үүсээд байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *