Элон Маск OpenAI компанид давуу байдал олгосон хэмээн App Store-ийг буруутгажээ


Тэрбумтан Элон Маск OpenAI компанид давуу байдал олгосон хэмээн App Store-ийг буруутгаж, энэхүү асуудлаар шүүхдэлцэх болно гэжээ.

Элон Маск Apple компанийн аппликейшны цахим дэлгүүр болох App Store-ийг OpenAI компанийн хиймэл оюун ухааны чатбот болох ChatGPT-д бусад компанийн зах зээлд санал болгож буй хиймэл оюуны чатботуудаас илүү давуу эрх олгож, тус программыг App Store-ийн номер нэг программ болгож, өрсөлдөх боломжгүй байдал үүсгэж байгаа нь монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болж байна хэмээн буруутгасан байна.

Тэрээр ямар нэгэн нотлох баримтгүйгээр Apple компанийг буруутгасан энэхүү мэдэгдлээ өөрийн Х хуудсанд даваа гарагт нийтэлсэн ба өөрийн хөгжүүлж буй хиймэл оюун ухааны xAI компанийн зүгээс хууль эрхзүйн хүрээнд яаралтай арга хэмжээ авах болно гэжээ.

Мягмар гарагийн байдлаар App Store дээр iPhone утсанд зориулсан шилдэг үнэгүй аппликейшны жагсаалтыг ChatGPT тэргүүлж байсан бол Элон Маскын xAI компанийн Grok чатбот 5-р байранд жагссан байна. Дээрх жагсаалтыг гаргахад хэрэглэгчдийн таталт, хэрэглээ, үнэлэлт дүгнэлтийг тооцдог ажээ. 

Өнгөрсөн долоо хоногт OpenAI болон xAI компаниуд хоёулаа өөрсдийн хиймэл оюуны чатботын шинэ хувилбаруудаа танилцуулсан юм.

Apple компанийн зүгээс Элон Маскын дээрх мэдэгдэлд хараахан хариу тайлбар хийгээгүй байна.

Үүний өмнө мөн Элон Маск OpenAI компанийг мөн шүүхэд өгч байсан түүхтэй. Тэрээр өнгөрсөн жил OpenAI компанийг анх байгуулагдсан ашгийн бус гэсэн зорилгоосоо ухарсан хэмээн шүүхэд өгч байсан билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *