Марокко улс золбин нохой устгасан гэх шүүмжлэлд өртөв


2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах, хойд Африкийн бүс нутгийн Марокко улс гудамжны золбин нохдоо олноор нь устгалд оруулаад, шүүмжлэлд өртжээ. Амьтны эрхийг хамгаалах байгууллагууд тус улсыг “Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд гудамжны золбин нохдыг системтэйгээр устгалд оруулж байна” хэмээн буруутгасан байна.

Марокко улсын Дотоод хэргийн сайд Абделуафи Лафтит олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “Буруу, худал мэдээллээр тус улсын эрх баригчид руу довтолж байна” хэмээн буруутгасан байна.

Амьтны эрхийг хамгаалах “International Animal Coalition”, “Brigitte Bardot Foundation” зэрэг байгууллага Марокко улсын хотуудын гудамж, талбайд золбин нохой, муурыг буудаж, хор уулган хөнөөж буй олон бичлэгт үндэслэн, тус улсыг буруутгаж, Олон улсын хөлбөмбөгийн холбоонд мэдэгдэх хуудас, шаардах бичиг хүртэл хүргүүлсэн байна.

Харин тус улсын эрх баригчид үүнийг няцааж, эсрэгээрээ гудамжны нохдыг асран хамгаалж, вакцинжуулалтад хамруулан буцааж тавьж байгаа талаараа мэдэгджээ. Тодруулбал, тус улсад нохдыг барьж авах, үржил хаах заслага хийх, вакцин тарих, тэмдэгжүүлэх, буцааж тавих гэсэн дараалал бүхий TNVR хэмээх аргыг хэрэгжүүлж байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн өнгөрсөн сард гудамжны буюу эзэнгүй амьтдыг хамгаалах хуулийн төслийг парламентад өргөн бариад байгаа ч хэлэлцүүлэгт хараахан ороогүй байгаа ажээ. Уг хуулийн төсөлд гудамжны нохдыг гэмтээж, хөнөөсөн тохиолдолд 1500 хүртэлх ам.долларын торгууль болон дээд тал нь 3 сар хорих ял шийтгэл оноохоор заасан байна.

Амьтны эрхийг хамгаалах байгууллагууд Марокко улсын хэмжээнд 3 сая орчим золбин нохой байгаа гэсэн тоо өгч байгаа бол албан ёсны тоо байдаггүй байна. Харин Марокко улсын Статистикийн газрын мэдээлснээр гудамжны нохойд хазуулсан 100 мянган хүн жил бүр бүртгэгддэг гэжээ. Өнгөрсөн жил нохойд хазуулсан 33 хүн галзуу өвчнөөр амиа алдсан байна.

Харин гудамжны нохдыг вакцинжуулж, тоог нь цөөлөхөд чиглэсэн TNVR аргыг үндэсний хэмжээнд мал, амьтны эмнэлгүүдэд нэвтрүүлэхэд Марокко улсын Засгийн газар 24 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа талаар тус улсын Дотоод хэргийн яамны Эрүүл ахуй, ногоон байгууламжийн хэлтсийн дарга Мохаммед Рудани мэдээлсэн байна.

2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг Марокко улс Европын Испани болон Португал улстай хамтран зохион байгуулна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *