Израил улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Израилийн батлан хамгаалах хүчин Газа хотыг бүрэн эзлэж, хяналтандаа авах цэргийн ажиллагааны үндсэн төлөвлөгөөг баталснаа лхагва гарагт зарлалаа.
Израилын зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга Эял Замир цэрэг, батлан хамгаалах салбар болон аюулгүй байдлын өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийх үеэрээ дээрх төлөвлөгөөг батлах шийдвэр гаргажээ.
Мөн Газа хотыг эзлэх цэргийн ажиллагааны өмнө зэвсэгт хүчний албан хаагчдын бэлэн байдал, нөөц бүрдүүлэлт зэрэгт онцгой анхаарал хандуулж, бэлэн байдлыг хангахыг Израилын зэвсэгт хүчний удирдах албаны зүгээс онцлон тэмдэглэв.
Израилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд албаны эх сурвалжийг эш татан мэдээлснээр, 10-р сарын 7-ны өдрөөс эхлэн Газа хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхлэх бөгөөд үүний дараа хотыг бүрэн эзлэж, хяналтандаа авах цэргийн ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Харин энэ үеэр Хамас бүлэглэлийн төлөөлөгчид гал зогсоох яриа хэлэлцээг зуучлагч Египет улсад очоод байгаа талаар тус бүлэглэлийн зүгээс мэдэгдсэн байна. Хамасын төлөөлөгчид Египетийн засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай өнгөрсөн сарын сүүлээс эхлэн зогсонги байдалд ороод буй гал зогсоох яриа хэлэлцээг сэргээх асуудлаар хэлэлцэх талаар Арабын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
