Австрали, Вануату улс 328 сая ам.долларын аюулгүй байдал, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцжээ. Олон сарын турш үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд хоёр улсын хооронд 10 жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар болоод байна. “Накамалын хэлэлцээр” хэмээн нэрлэсэн уг гэрээ хоёр улсын харилцааг шинэ түвшинд тодорхойлон бэхжүүлэхэд чиглэгдсэн талаар Австрали, Вануату улсын удирдагчид лхагва гарагт мэдэгдсэн байна.
Австралийн шадар сайд Ричард Марлес “Бид нэг гэр бүл. Бидний ирээдүй бат бэх холбогдсон” хэмээн хэлсэн бол Номхон далайн Вануату арал улсын Ерөнхий сайд Жотам Напат хамтын ажиллагааны гэрээг хоёр улсын хувьд харилцан ашигтай тохиролцоо болсныг онцоллоо.
Гэрээний зүйл заалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй боловч Австралийн хэвлэлүүдийн мэдээлснээр Вануату улсын нийслэл Порт Вила хот болон хамгийн том арал болох Санто арал дээр Австрали улс томоохон хэмжээний дата мэдээллийн төв байгуулахаар болсон байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй Вануату улсын аюулгүй байдлын салбарт олон сая ам.доллар зарцуулах ажээ.
Харин Вануату улсын иргэд Австралид визгүй зорчих асуудлыг тусдаа хэлэлцэж, өөр гэрээ хэлэлцээр байгуулах талаар Вануату улсын Ерөнхий сайд Жотам Напат мэдэгдлээ.
Австрали улс Номхон далайн бүс нутагт ихээхэн хөрөнгө хаяж байгаа БНХАУ-ын эсрэг тус бүс нутаг дахь нөлөөллөө нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү Вануату улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцоонд хүрэв. Талууд ирэх сард албан ёсоор гарын үсэг зурж, гэрээ байгуулахаар болжээ.
Өмнө нь Австрали улс Тувалу, Папуа Шинэ Гвиней улстай ижил төрлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бол хамгийн сүүлд 2024 оны 12-р сард Соломоны арлуудтай аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.
