Хаити улсын “G9 Family” хэмээх гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч, “Барбекью” хочит Жимми Шеризьег баривчлахад тус болох баттай мэдээлэл өгсөн хүнд 5 сая ам.долларын шагнал олгохоор АНУ энэ долоо хоногт зарлаад байна. АНУ-ын шүүгч Жанин Пирро мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Жимми Шеризьег АНУ-ын хориг арга хэмжээг зөрчсөн, хүний эрхийг зөрчсөн олон тооны гэмт хэрэг үйлдсэн, Хайти улс дахь АНУ-ын иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэх зэргээр буруутгажээ.

Өдгөө 48 настай, өмнө нь цагдаагийн ажилтан байсан “Барбекью” хочит Жимми Шеризье нь Хаити улсын гэмт хэргийн бүлэглэлүүдийн нэгдэл болох “G9 Family”-г толгойлдог. Тус бүлэглэл өнгөрсөн жил Хаитигийн Ерөнхий сайд Ариэль Анриг огцруулахад хүргэсэн халдлагыг зохион байгуулсан юм.
Мөн тус бүлэглэлийн гишүүд нь хүн амины хэрэг, захиалгат аллага, хулгай, дээрэм, хүчин, хар тамхины наймаа, хүний хулгай зэрэг хэрэгт буруутгагдсан гэмт хэрэгтнүүд байдаг ажээ.
Жимми Шеризье 2020 оноос хойш АНУ-ын Сангийн яамны хар жагсаалт, 2022 оноос хойш НҮБ-ын хоригийн жагсаалтад байгаа. Түүнийг Хаити дахь гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор АНУ-аас хууль бус аргаар мөнгө шилжүүлсэн хэргийн яллагдагчаар татсан гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгджээ.
Хаити улсад сүүлийн жилүүдэд гэмт хэргийн бүлэглэлүүдийн үйлдэж буй хүчирхийлэл огцом олширч байгаа юм. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас өнгөрсөн сард нийтэлсэн тайланд 2025 оны эхний хагас жилд 3141 хүн гэмт хэргийн бүлэглэлүүдийн хүчирхийллийн улмаас амиа алдаад байгааг мэдээлжээ. Мөн жил хүрэхгүй хугацааны дотор буюу 2024 оны 10-р сараас хойш 5000 хүн амь үрэгдээд байгааг олж тогтоосон байна.
