Израилд дайныг зогсоож, барьцааны хүмүүсийг суллахыг шаардсан томоохон эсэргүүцлийн жагсаал болов


Ням гарагт Израилын Тель-Авив хотод Газын зурвас дахь дайныг зогсоож, үлдсэн барьцааны хүмүүсийг суллах тохиролцоонд хүрэхийг шаардсан томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал боллоо.

Израил-Хамасын дайн эхэлснээс хойш дайныг эсэргүүцсэн жагсаал цуглаан Израилд тогтмол зохион байгуулагдаж байсан ч энэ удаагийн жагсаал оролцогчдын тоо хэмжээгээрээ хамгийн том жагсаалын нэг болсныг хэвлэлүүд онцолж байна.

Жагсагч иргэд барьцааны хүмүүсийг нутагт нь буцааж авчрахыг шаардаж, барьцааны хүмүүсийн хөрөг зураг, дайн тулаанаа зогсоохыг шаардсан утга бүхий уриа лоозон барин, бөмбөр нүдэж, дайныг цаашид үргэлжлүүлэхээр болоод буй Б.Нэтаньяху-гийн засгийн газрыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн орилж хашгирч жагссан байна.

Мөн жагсаалд оролцогчид 681 гэсэн тоог өөрсдийн хувцсан дээр хадсан байсан нь барьцааны хүмүүсийн Газын зурваст хоригдсон өдрийн тоог илэрхийлжээ. Одоогийн байдлаар Газын зурваст Хамас бүлэглэлийн гарт 49 барьцааны хүн байгаагаас 27 нь амиа алдсан хэмээн Израилын зэвсэгт хүчин мэдэгдээд байгаа юм.

Зарим жагсагчид Хамасын эсрэг дайн Израилын ард түмнийг үзэл бодлын хувьд хагаралдуулж, удаан хугацаанд үргэлжилж буй энэ дайн Израил улсын нэр хүндийг олон улсад унагаж байгааг онцолсон бол зарим нь Газын зурваст дайтахаар явсан үр хүүхдүүддээ санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяхугийн тэргүүлсэн засгийн газар олон улсын анхааруулга, дарамт шахалтыг үл хамааран Газын зурвасын хамгийн том хот болох Газа хотыг бүрэн эзлэх төлөвлөгөөг батласны дараа ийнхүү олон арван мянган хүний эсэргүүцлийн жагсаал Израил улсад зохион байгуулагдлаа.

Ерөнхий сайд Б.Нэтаньяху ням гарагийн жагсаалд харамсч байгаагаа илэрхийлж, жагсаалд оролцогчдыг Хамас бүлэглэлийг дэмжиж, мөн барьцааны хүмүүсийг аюулгүй суллах хүчин чармайлтад саад бэрхшээл учрууллаа хэмээн буруутгасан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *