Талибаны түр засгийн газар олон улсаас тусгаарлагдмал байдлаа төгсгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв


Афганистан улсын төр засгийн эрхэнд гарсан Талибаны түр засгийн газар олон улсаас тусгаарлагдмал байдлаа өндөрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Энэ талаар Талибаны түр засгийн газрын эдийн засгийн сайд Дин Мохаммад Ханиф Афганистаны нийслэл Кабул хотноо Японы NHK сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

2021 оны 8-р сард засгийн эрхийг авсан Талибан бүлэглэлийг засаглалыг өнгөрсөн сард ОХУ хүлээн зөвшөөрсөн юм.

Дин Мохаммад Ханиф ярилцлагадаа Талибаны засаглал, түр засгийн газрыг ОХУ хүлээн зөвшөөрснөө зарласан явдал нь улс төр болон эдийн засгийн эерэг үр ашигтай болохыг тодотгож, бусад улс орнууд ч мөн манай засаглалыг хүлээн зөвшөөрөх үүд хаалгыг нээж байгаа гэдгийг хэлсэн байна.

Тэрээр Афганистаны ашигт малтмал, уул уурхайн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах зэргэр ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа хэлэхийн сацуу Талибаны засаглалыг хүлээн зөвшөөрөх хүсэлтүүдийг Япон зэрэг бусад орнуудад илгээх болно гэжээ.

Мөн тэрээр Афганистан улсад эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа гэсэн асуудлыг няцааж, тус улсын шашны ёс заншил, дэг журамд бусад улс орнууд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй хэмээн хэлсэн байна.

Түүнчлэн Талибаны түр засгийн газар эрчим хүчний салбарт ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд Орост Афганистанаас ажиллах хүч илгээх асуудлаар яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд энэ нь дотоодын хөдөлмөр эрхлэлт болон эдийн засгийг дэмжих хүрээнд хийхийг зорьж буй ажлын нэг ажээ.

Оросын The Insider хэмээх мэдээллийн вебсайтад мөн энэхүү асуудлаар мэдээлэхдээ, Оросын эрх баригчид Украинд эзлэж авсан нутаг дэвсгэр дээр барилга, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдэд Афганистан ажилчдыг илгээх асуудлыг авч үзэж байгаа гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *