Украины дайныг зогсоох асуудлаар даваа гарагт Вашингтон хотноо явагдах Трамп, Зеленский нарын уулзалтад мөн НАТО-гийн ЕНБД, ЕХ, Их Британи, Герман, Итали, Финландын удирдагчид оролцохоор болсон байна.
Тодруулбал, Д.Трамптай хийх уулзалтад В.Зеленскийн хамт НАТО-гийн ЕНБД Марк Рютте, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Их Британийн ерөнхий сайд Кир Стармер, ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц, Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони, Финландын ерөнхийлөгч Александер Стубб нар оролцохоор болжээ.
Гэхдээ уулзалтууд Трамп-Зеленский, Трамп-Европын удирдагчид гэсэн форматаар буюу тусдаа явагдахаар болсон байна.
Зеленскийн хамт Вашингтоныг зорьж буй Европын удирдагчид өөрсдийгөө “сайн санааны эвсэл” хэмээн нэрлэж байгаа билээ.
Ням гарагт “сайн санааны эвслийнхэн” цахимаар хуралдаж, Украины дайныг өндөрлүүлэх асуудлаар өөрсдийн байр суурийг хамтарсан байдлаар нэгтгэсэн юм.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп В.Путинтэй хийсэн Аляскийн дээд хэмжээний уулзалтын дараа байр сууриа өөрчилж, гал зогсоохоос илүү энхийн гэрээ байгуулахыг чухалчилж эхлээд байна. Тэрээр ням гарагт өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа “Орос улс томоохон ашиг тус гаргалаа. Удахгүй мэдээллэх болно!” хэмээн нийтэлжээ.

Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф ням гарагт CNN телевизэд өгсөн ярилцлагадаа ОХУ Украинд НАТО-гийн дүрэмтэй ижил төстэй аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхийг хүлээн зөвшөөрсөн талаар дурьдсан байна. Трамп-Путины уулзалтад хамт оролцсон Стив Уиткофф нэг гишүүн орон руу нь довтлоход бүгд рүү нь довтоллоо гэж үзэн хариу арга хэмжээ авдаг НАТО-гийн аюулгүй байдлын 5-р дүрэмтэй ижил байдлаар Европын орнууд Украинд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх тал дээр ОХУ-тай тохиролцсон гэжээ. Өөрөөр хэлбэл, Украин улсын НАТО-гийн гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ч НАТО-гийн дүрэмтэй ижил төстэй аюулгүй байдлын баталгааг тус улсад гаргаж өгөхийг ОХУ зөвшөөрсөн гэдгийг Стив Уиткофф хэлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна. Тэрээр Оросын талыг анх удаа ийм саналыг хүлээж авсан болохыг онцолжээ.
АНУ, Европын Украинд үзүүлэх энэхүү аюулгүй байдлын баталгаа нь дайныг эхлүүлсэн суурь шалтгаануудын нэг болох Украины НАТО-д элсэх зорилгыг эсэргүүцсэн В.Путины хувьд мөн томоохон байр суурийн өөрчлөлт боллоо.
Яг энэхүү асуудлыг мөн өнөөдөр Трамп-Зеленский, Трамп-Европын удирдагчдын уулзалтаар хэлэлцэхээр болоод байна. АНУ-ны төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ долоо хоногт Украины аюулгүй байдлын баталгааны асуудлыг хэлэлцэх болно гэдгийг мөн тодотгосон байна. Харин Украинд үзүүлэх дээрх аюулгүй байдлын баталгааг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп бүрэн дэмжиж байгаа эсэх нь хараахан тодорхойгүй байна.
