Палестины Хамас бүлэглэл зуучлагчдын зүгээс санал болгосон гал зогсоох шинэ саналыг даваа гарагт зөвшөөрч, хүлээн авсан байна.
Энэ талаар Хамасын удирдах түвшний эх сурвалж (Бассем Наим, Facebook) мэдээлсэн бөгөөд дээрх гал зогсоох саналд 60 хоногийн хугацаанд гал зогсоож, хариуд нь Израилын 10 амьд барьцааны хүнийг олон тооны цогцсын хамт суллах төлөвлөгөө багтжээ.
Харин зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар шинэ саналд 60 хоног гал зогсоож, Хамас бүлэглэл 49 барьцааны хүний талыг нь суллаж, Палестины хоригдлуудыг суллаж, Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг хязгаарлалтгүй нэвтрүүлж, байнгын гал зогсоох яриа хэлэлцээг явуулах асуудлууд багтсан байна.
Египет болон Катарын зүгээс боловсруулсан энэхүү гал зогсоох шинэ саналыг АНУ-ын тусгай элч төлөөлөгч Стив Уиткоффын өнгөрсөн 6-р сард дэвшүүлсэн баримт бичигт үндэслэн гаргасан гэжээ.
АНУ-ын дэмжлэгтэй зуучлагч Египет, Катар улсууд 22 сарын турш үргэлжилж буй Израил-Хамасын дайныг зогсоохын төлөө төдийлөн амжилт олоогүй хэдий ч зогсолтгүй ажилласаар байгаа юм.
Харин энэ удаад зуучлагчдын зүгээс тавьсан шинэ саналыг Хамас бүлэглэл хүлээн авч, хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа ийнхүү мэдэгдлээ.
Хамас бүлэглэлийн эх сурвалж AFP агентлагт өгсөн мэдээлэлдээ тус бүлэглэл гал зогсоох шинэ саналыг “ямар ч нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтгүйгээр” хүлээж авсан гэжээ.
Яриа хэлэлцээг зуучлагч Египет, Катар улсууд мөн гал зогсоох шинэ саналыг Израил улсад илгээснээ мэдэгдэж, “одоо хэрхэхийг Израил улс шийднэ” гэсэн бол Израилын зүгээс хараахан хариу мэдэгдэл хийгээгүй байна.
Ийнхүү Израилын аюулгүй байдлын кабинетын зүгээс Газа хотыг бүхэлд нь эзлэж, хяналтдаа авах төлөвлөгөөг баталсны дараагаар гал зогсоох шинэ саналыг зуучлагчид хоёр талд илгээгээд байна. Израилын зүгээс гал зогсоох саналд ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа ч тус улсын ерөнхий сайд Б.Нэтаньяху өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ “үлдсэн барьцааны хүмүүсийг бүгдийг нь суллаж, дайныг зогсоох бидний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л гал зогсоох тохиролцоог хүлээж авна” хэмээн мэдэгдсэн юм.
2023 оны 10-р сард Хамасын Израил улсад хийсэн гэнэтийн халдлага дайралтаар 1219 хүн амиа алдсаны дийлэнх нь энгийн иргэд байсан бол Израилы эхлүүлсэн дайны ажиллагаа, довтолгооны улмаас 62 мянга гаруй палестинчууд амиа алдсаны ихэнх нь энгийн иргэд байсан талаар НҮБ-аас найдвартай эх сурвалж гэж үздэг Газын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
