“Найзууд” цувралын Чэндлерын дүрээрээ алдартай жүжигчин Мэттью Перригийн үхэлд буруутай гэдгээ хууль бус эм бэлдмэл, мансууруулах бодисын худалдаачин эмэгтэй хүлээжээ. Өдгөө 42 настай, “Кетамины хатан” хочит Жасвин Сангха жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн кетамин хэмээх эм бэлдмэлийг худалдсан гэх зэрэг нийт таван хэрэгт буруутгагдсан бөгөөд тэрээр дээрх хэргүүдэд буруутай гэдгээ хүлээсэн талаар АНУ-ын Хуульзүйн департмент мэдээлсэн байна.
Америк-Британийн давхар иргэншилтэй Жасвин Сангхаг холбооны прокурорууд өмнө нь 9 хэрэгт буруутгасан бол тэрээр 5 хэрэгт буруугаа хүлээжээ. Лос-Анжелес хот дахь түүний гэрийг нэгжих үед тарих зориулалттай 80 гаруй тун кетамин олж, хураан авсан байна.
Жасвин Сангха бол уг жүжигчний үхэлд буруутгагдсан таван хүний нэг. Түүнээс гадна Мэттью Перрид кетамин зарж байсан түүний эмч Сальвадор Пласенциа, туслах эмч Марк Чавез, жүжигчний туслах Кеннет Ивамаса, Сангхагаас авсан кетаминыг жүжигчинд биечлэн худалдсан наймаачин Эрик Флеминг нар буруутгагдаад байгаа юм. Жасвин Сангхагийн шүүх хурал ойрын өдрүүдэд Лос-Анжелес хот дахь холбооны шүүхэд явагдана. Тэрээр дээд тал нь 65 жил хорих ял авч магадгүй байгаа ажээ.
Холливудын жүжигчин Мэттью Перри 2023 оны 10-р сард Лос-Анжелес дахь гэрийнхээ усан санд үхсэн байдалтай олдсон бөгөөд түүний үхлийн шалтгааныг кетамины цочмог нөлөөнөөс үүдэлтэй гэж тогтоосон юм.
