Сири, Израил улсын дипломат төлөөлөгчид бүс нутаг дахь хурцадмал байдлыг намжаах асуудлаар Францын нийслэл Парис хотноо мягмар гарагт уулзаж, хэлэлцээ хийсэн байна.
Уулзалтад Сирийн гадаад хэргийн сайд Ассад аль Шайбани болон Израилын дипломат төлөөлөгчид оролцсон бөгөөд энэхүү яриа хэлэлцээг АНУ-ын зуучлалын үр дүнд явуулсан хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Уулзалтын үеэр бүс нутгийн хэмжээнд болон Сирийн өмнөд хэсэгт үүсэж болзошгүй хурцадмал байдлаас сэргийлж, бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжих харилцан ойлголцолд хүрч, Сирийн Свейда мужид гал зогсоогоод буй дэглэмд хяналт тавих, хоёр улсын хооронд аюулгүй байдлын буфер бүс байгуулсан 1974 оны гэрээг ахин сэргээх, Сири улсын дотоод хэрэгт оролцохгүй байх зэрэг асуудлаар хэлэлцсэн болохыг Сирийн SANA агентлаг мэдээллээ.
Хэдийгээр өнгөрсөн оны 11-р сард Ливан, Израилын хооронд гал зогсоох тохиролцоонд хүрсэн боловч Израилын талаас Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлийн эсрэг цохилтоо үргэлжлүүлж, мөн өнгөрсөн жил ерөнхийлөгч Башар Ассадын дэглэм нуран унаснаас хойш Сири улс дахь байршлуудад цохилт үзүүлж, газар нутгийг эзлэсээр байгаа билээ.
Өнгөрсөн сард Израил улс Сирийн нийслэл Дамаск хот дахь ерөнхийлөгчийн ордон болон армийн төв байранд цохилт үзүүлсэн юм.
Өнгөрсөн 7-р сард Сирийн өмнөд хэсгийн Свейда мужид 1400 гаруй хүний аминд хүрсэн шашны мөргөлдөөний дараа талууд Азербайжаны нийслэл Баку болон Францын нийслэл Парис хотноо хоёр удаа уулзсан бол мягмар гарагт ийнхүү гурав дахь шатны яриа хэлэлцээг Вашингтоны зуучлал, дэмжлэг, хүчин чармайлтын дагуу явуулаад байна.
Израил болон Сири улсууд 1948 оноос хойш дайны байдалтай байгаа бөгөөд 1974 онд хоёр улсын хооронд буфер бүсийг бий болгох гэрээг байгуулж байсан юм. Харин сүүлд өрнөсөн тулааны галыг зогсоож байгаа талаарх мэдэгдлийг 7-р сарын 18-ны өдөр Вашингтоны зүгээс хийсэн бөгөөд Израилын түнш болох АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп Сирийн төр засгийн шинэ удирдагчдад дэмжлэг үзүүлэхээ өнгөрсөн хавар илэрхийлсэн байна.
