Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо явагдаж өндөрлөсөн Дэлхийн хүн дүрст роботын спортын анхдугаар тэмцээнд медалийн тоогоороо Хятадын Unitree Robotics болон X-Humanoid компаниуд түрүүлсэн байна.
Хятадын Ханжоу хотноо байрлах робот хөгжүүлэлт, роботын технологийн Unitree Robotics компани тэмцээнээс нийт 11 медаль хүртсэн ба тус компанийн H1 загварын робот 400 метрийн гүйлт, 1500 метрийн уралдаан, 100 метрийн саадтай гүйлт болон 4х100 метрийн буухиа гүйлтийн тэмцээнд алтан медаль хүртсэн байна.
Харин нийслэл Бээжин хотын X-Humanoid компани буюу хуучнаар Бээжингийн хүн дүрст роботын инновацийн төв тус тэмцээнээс нийт 10 медаль хүртсэний 2 нь алтан медаль ажээ.
Дэлхийн хүн дүрст роботын спортын тэмцээнд нийт 16 орны 280 баг спортын 26 төрөлд өрсөлдсөн байна. Медалийн тоогоороо тэргүүлсэн дээрх хоёр компаниас гадна мөн Neotix Robotics, Booster Robotics зэрэг Хятадын бусад компаниуд ч медаль хүртсэн байна.
Зохион байгуулагч БНХАУ-ын багууд медалийн тоогоороо тэргүүлсэн нь тус улс шинээр хөгжиж буй роботын технологийн салбарт хурдацтай ахиц дэвшил гаргаж байгааг илтгэн харууллаа. Түүнчлэн IDC судалгааны байгууллагаас 2029 он гэхэд олон улсын роботын зах зээл 400 тэрбум ам.доллароор хэмжигдэх бөгөөд үүний тэн хагасыг нь Хятад улс эзлэх болно гэдгийг тооцоолжээ.
Дараагийн Дэлхийн хүн дүрст роботын спортын тэмцээнийг 2026 оны 8-р сард мөн л Бээжин хотноо явуулна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн байна.
