Мексикийн ерөнхийлөгч хар тамхины картелийн эсрэг хамтран ажиллах тухай АНУ-ын мэдэгдлийг үгүйсгэв


АНУ-Мексикийн хилийн дагуу хар тамхины картелийн эсрэг хамтран ажиллах тухай АНУ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх агентлагийн (DEA) зүгээс даваа гарагт хийсэн мэдэгдлийг Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум үгүйсгэсэн байна.

Даваа гарагт DEA-аас гаргасан мэдэгдэлд “Мексик улстай баруун өмнөд хилийн дагуух хууль бус хар тамхи, мансууруулах бодисын наймааны коридорыг хянах үйл ажиллагаанд чиглэсэн хоёр талын зоримог санаачилгыг тодорхойлсон” гэсэн юм.

Харин Клаудиа Шейнбаум мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ хоёр тал уг асуудлаар ямар нэгэн нэгдсэн тохиролцоонд хүрээгүй байгааг хэлж, АНУ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх агентлагийн зүгээс бидний огтхон ч мэдээгүй зүйлийн талаар мэдэгдэл хийлээ гэжээ.

К.Шейнбаум хэлэхдээ, хоёр талын хооронд “хэдэн сарын турш ажиллаж байгаа” хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа ба аливаа хамтарсан мэдэгдлийг хамтдаа хийх ёстой, Мексикийн засгийн газартай зөвлөлдөөгүй байхад АНУ-аас гаргасан мэдэгдлийг бид батлахгүй гэсэн байна.

Мөн тэрээр Мексикийн цагдаа нар АНУ-ын Техас мужид сургалтад хамрагдаж байгааг дурьджээ.

АНУ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх агентлагийн тэргүүн Терранс Коул даваа гарагт хйисэн мэдэгдэлдээ, уг хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр нь “Мексикийн мөрдөн байцаагчид болон АНУ-ын хууль сахиулах байгууллага, прокурорууд, батлан хамгаалахын ажилтнууд болон тагнуулын нийгэмлэгийн гишүүдийн хамтын ажиллагааг нэгтгэх болно” гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны зүгээс хил давж орж ирдэг хууль бус цагаачид болон хар тамхины контрабандыг таслан зогсооход хүчин чармайлт гаргахгүй тохиолдолд Мексик улсад өндөр тариф ногдуулна гэж сүрдүүлсэн бол Мексикийн төрийн тэргүүн тус улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд “халдан нөлөөлөхгүй” тохиолдолд Вашингтонтой хар тамхины эсрэг тэмцэлд хамтран ажиллах амлалтыг өгсөн билээ.

Мексик улс фентанилын хил дамнасан хууль бус наймааг таслан зогсоох ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт эрэн сурвалжлагдаж байсан 26 дүрвэгчийг АНУ руу илгээжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *