Трампын засаг захиргаа АНУ-ын хууль ёсны визтэй гадаадын 55 сая гаруй иргэнийг визний зөрчил гаргасан эсэхийг шалгаж байгаа талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Уг арга хэмжээг тус улсад нэвтэрсэн хууль бус цагаачдыг албадан гаргах Трампын засаг захиргааны өргөн хэмжээнд хэрэгжүүлж буй ажиллагааг улам өргөжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж байна.
Виз эзэмшигчдээс жижиг гэлтгүй зөрчил илрүүлсэн тохиолдолд тус визийг хүчингүй болгож, тухайн виз эзэмшигч АНУ-ын нутаг дэвсгэрт байгаа тохиолдолд албадан гаргана гэдгийг тус улсын Төрийн департамент мэдэгджээ. Мөн тус мэдэгдэлд АНУ-д визний хугацаа хэтрүүлсэн, гэмт хэрэгт холбогдож байсан, нийгэм, олон нийтэд аюултай, аливаа төрлийн террорист үйл ажиллагаанд оролцож байсан, террорист байгууллагуудад дэмжлэг туслалцаа үзүүлж байсан гэх зэрэг олон үзүүлэлтүүдээр виз эзэмшигчдийг нягтлан шалгана гэжээ.
Түүнчлэн АНУ цаашдаа ачааны автомашины жолоочийн ажилд виз олгохоо зогсоох болно гэдгийг төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өөрийн Х хуудсанд нийтэлсэн байна.