Венесуэл улс хар тамхины хууль бус наймааны эсрэг тэмцэх зорилгоор хөрш Колумб улстай залгаа хилийн хяналтаа чангатгаж, 15 мянган цэргийн албан хаагчийг хилийн бүсэд дайчлахаар болсноо даваа гарагт зарласан байна. Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурог кокаин хил давуулан худалдаалдаг картелийг толгойлдог хэмээн АНУ буруутгаж, улмаар Мадурод дарамт, шахалт үзүүлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт байлдааны 3 усан онгоцыг Венесуэл улс руу илгээсэн. Хөлөг онгоцууд замдаа явж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Тэгвэл Вашингтоны дарамт шахалтын улмаас ийнхүү хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх зорилгоор Колумб улстай хил залгаа Зулиа болон Тахира мужид 15.000 цэрэг дайчлан байршуулах тухай Засгийн газрын шийдвэрийг Венесуэлийн Дотоод хэргийн сайд Диосдадо Кабелло танилцуулжээ.
Тэрээр мэдэгдэлдээ зөвхөн энэ жил гэхэд хил дагуух мужуудаас 53 тонн хар тамхи, мансууруулах бодис хурааж аваад байгааг онцолсон байна.
