Ч.Лодойсамбуу: Эрх баригч намыг дийлэх ганц нам нь Ардчилсан нам


АН-ын ҮБХ-ны хуралд аймаг, дүүрэг, орон нутгийн 389 гишүүн оролцож байна.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Ардчилсан намын даргыг сонгох журмыг танилцуулж бүрэлдэхүүнээ батлах гэж байна. Үндэсний бодлогын хороонд 4 жил ажиллаагүй хүн нэр дэвших боломжгүй боллоо. Тэгэхээр би болон Л.Мөнхбаясгалан гишүүн нэр дэвших боломжгүй болж байна гэсэн үг. Энэ журам Л.Гантөмөр даргыг сонгоход хэрэглэсэн, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрмийн дагуу баталсан журам юм байна. Журманд өөрчлөлт оруулах санал гарсангүй. Намын эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэр учраас хүндэлнэ. Улс төрийн намын зорилго ялалт байдаг. Хэн нь ялагч вэ гэдэг тухай энд ярьж, өнөөдрийг хүртэл эвлэрүүлэх гэж ядсан намын дотор янз янзын яриа гаргаж хуваагаад байх сонирхол алга.

Тал тал тийшээ хараад суучихсан хүмүүсийг Л.Гантөмөр дарга яаж эвлэрүүлж, ямар уулзалтууд, саад бэрхшээл туулж байсныг би өөрийн нүдээрээ харж байсан. Зарим уулзалтуудыг зохион байгуулаад явж байсан хүний хувьд асар их хөдөлмөр, тэвчэр шаардаж энэ зэрэгт хүрсэн учраас намайг намын даргад дэвшүүлсэнгүй, дэвшүүлэхгүйн тулд янз янзын ийм юм болголоо гэж хэлмээргүй байна. Тийм юм бодогдохгүй байна.

Шаардлага хангаж байгаа журмын нөхдийн дунд өрсөлдөөн болно. Тэндээс ямар ч намын дарга гарч ирсэн Лодойсамбуу мэддэг, чаддагаа зориулаад удахагүй болох Ерөнхийлөгчийн сонгууль, Их хурал, орон нутгийн сонгуульд ялалт байгуулахын төлөө явна. Энэ ялалтыг заавал байгуулж байж Монголын төр төр шиг болно. Монголын нийгэм энэ их ядаргаа, түгжрээнээс гарна. Энэ миний итгэл үнэмшил. Эрх баригч намыг дийлэх ганц нам нь Ардчилсан нам. Манай намыг олигтойхон байгаад өгөөч гээд нийгэм хүлээж байгаа. Итгэл найдвар тасарчхаагүй байна. Үүнийг бид алдаж болохгүй.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *