ЦУОШГ: Хүйтэн, цас ихтэй өвөл айсуй


Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх улирлын төлөвийг гаргалаа.

10 дугаар сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна. Хур тунадас Хангайн уулархаг нутгаар ахиу орох төлөвтэй.

11 болон 12 дугаар сард зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн. Хур тунадас 11 дүгээр сард нутгийн зүүн хэсгээр, 12 дугаар сард нутгийн зүүн хойд хэсгээр ахиу орох төлөвтэй байна.

Өвлийн саруудын хувьд зүүн аймгуудын нутгаар цаг агаар хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөв ажиглагдаж байна. Өнгөрсөн зун хуурай гандуу байсан баруун аймгуудын нутгаар бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц бага байгаа. Үүнийг харгалзан үзэж, өвлийн бэлтгэлээ эртнээс хангахыг ЦУОШГ зөвлөж байна.

10 дугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Архангайн баруун өмнөд, Дундговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх нь. Сарын нийлбэр хур тунадас Увс, Завханы ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

11 дүгээр сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговийн зүүн, Дорноговийн ихэнх хэсгээр олоон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

12 дугаар сард агаарын дундаж температур Хэнтий, Дорноговийн ихэнх хэсэг болон Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутгаар оолоон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх нь. Сарын нийлбэр хур тунадас Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутаг, Булганы зүүн хойд, Төв аймгийн ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарлаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *