БНХАУ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний чуулга уулзалтыг өндөр чанга хамгаалалтан дор эдгээр өдрүүдэд зохион байгуулж байна.
Хятадын Тяньжин хотноо 8-р сарын 31, 9-р сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах ШХАБ-ын чуулга уулзалтад тус байгууллагын байнгын гишүүн болон ажиглагчийн статустай 20 гаруй орны удирдагчид хүрэлцэн ирж оролцож байна.
Ням гарагийн орой чуулганд оролцогч улс орнуудын удирдагчид, хүндэт зочид төлөөлөгчдийг хүлээн авах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдсан бол даваа гарагт ШХАБ-ын гишүүн орнууд олон улсын өнөөгийн нөхцөл байдал болон ойрын ирээдүйн олон талт хамтын ажиллагааны асуудлуудаар хэлэлцэх юм.
Зохион байгуулагч БНХАУ-ын дарга Ши Жиньпин арга хэмжээний хүрээнд чуулганд оролцогч 10 гаруй улс орны төр засгийн тэргүүн нартай хоёр талт уулзалтыг явуулж, эдийн засгийн хамтын ажиллагаа болон бусад тохиролцоонд хүрсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Тодруулбал, тэрээр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Мьянмарын хунт дэглэмийн тэргүүн Мин Аун Хлайн, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Камбожийн ерөнхий сайд Хун Манет болон Киргизстан, Азербайжан, Мальдив зэрэг улс орны төр засгийн тэргүүдтэй уулзжээ. Ялангуяа Ши, Моди нарын хоёр талт уулзалт нь 2020 оны хилийн мөргөлдөөнөөс үүдэн муудсан Хятад-Энэтхэгийн харилцааг сэргээх уур амьсгалыг илтгээд байна.
Харин ням гарагийн үдэш тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди, Төв Азийн орнуудын удирдагчид гэх зэрэг 20 орчим улс орны удирдагчдыг хүлээн авч, ШХАБ-ын чуулга уулзалтыг нээлээ.
Бээжингийн зүгээс Еврази болон бусад бүс нутгийн хөгжиж буй улс орнуудыг ШХАБ-ын хүрээнд эгнээндээ нэгтгэж, АНУ тэргүүтэй олон улсын дэг журмын эсрэг “олон туйлт дэлхийн дэг журам”-ыг сурталчилж, Хятад төвтэй бүс нутгийн интеграцийг барууны улс орнуудад харуулахыг зорьж байна.

ШХАБ нь Хятад, Энэтхэг, ОХУ, Пакистан, Иран, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Беларусь гэсэн байнгын гишүүдтэй, ажиглагчийн болон яриа хэлэлцээний түнш хамтрагчийн статустай 16 улс орныг эгнээндээ нэгтгэсэн, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд суурилсан олон улсын байгууллага гэж явдаг боловч мөн тус байгууллагыг НАТО-той зүйрлэх нь ч бий.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин чуулганы арга хэмжээтэй холбогдуулан Хятадын Синхуа агентлагт өгсөн ярилцлагадаа “энэхүү дээд хэмжээний уулзалт нь орчин үеийн сорилт, аюул заналхийллийг даван туулах ШХАБ-ын чадавхийг бэхжүүлж, Евразийн хамтын орон зайд эв нэгдлийг бэхжүүлэх болно, энэ бүхэн дэлхийн олон туйлт шударга дэг журмыг бий болгоход тусална” гэжээ.
В.Путин мөн чуулганы хүрээнд даваа гарагт Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоан, Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан нартай уулзаж, Украины зөрчилдөөн болон Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
ШХАБ-ын энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож буй ихэнх улс орны удирдагчид лхагва гарагт зохиогдох, милитарист Японыг бут цохьсон дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан БНХАУ-ын томоохон хэмжээний цэргийн парадыг Бээжин хотноо хүндэт зочны хувиар үзэж сонирхохоор болоод байгаа юм. Ялалтын баярын 80 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд мөн Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун хүрэлцэн ирж оролцохоор болжээ.