Энэ сард АНУ-ын Нью Йорк хот дахь НҮБ-ын төв байранд зохион байгуулагдах Ерөнхий Ассемблейн чуулганд оролцох Палестины төлөөлөгчдийн визийн хоригийг цуцлах шаардлагыг Европын Холбооны зүгээс АНУ-д тавьжээ.
НҮБ-ын ЕА-н чуулганд ирж оролцох Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас тэргүүтэй 80 орчим албаны хүмүүсийн визийн хүсэлтийг зөвшөөрөөгүй талаар өнгөрсөн баасан болон бямба гарагуудад АНУ-ын төрийн департаментаас мэдэгдсэн юм.
Израилын гол түнш болох АНУ-ын зүгээс тавьсан уг визийн хориг нь НҮБ-ын ЕА-н чуулганд оролцох аливаа улс орны зочид төлөөлөгчидтэй холбоотой олон улсын хууль, эрхзүйн дүрэм журмыг зөрчиж байна хэмээн АНУ-ыг буруутгаж, Палестины төлөөлөгчдийг ЕА-н чуулганд ирж оролцохыг нь хориглосон шийдвэрээ ахин харж үзэх шаардлагыг ЕХ-ны гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч К.Каллас Вашингтонд тавьсан байна.

Палестины эрх баригчид ч мөн адил АНУ-ыг “олон улсын хууль эрх зүй болон НҮБ-ын төв байрны гэрээтэй зөрчилдөж байна” хэмээн мэдэгдэж, шийдвэрээ буцаахыг уриалжээ.
Өдгөө Газын зурваст Хамас бүлэглэлийг бүрмөсөн устгах нэрэн дор цэрэг дайны ажиллагаагаа улам нэмэгдүүлж буй Израил улсын ерөнхий сайд Б.Нэтаньяхугийн тэргүүлсэн засгийн газрын бодлого, үйл ажиллагааг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа бүх түвшинд, тэр дотроо НҮБ-ын түвшинд мөн дэмжсээр байгаа нь Палестины төлөөлөгчдийн визний хүсэлтийг зөвшөөрөөгүй дээрх арга хэмжээгээр харагдаж байна.
Эсрэгээрээ АНУ-ын холбоотон түншүүд болох Канад, Франц, мөн Австрали улсууд энэ сарын 9-ний өдөр нээгдэх НҮБ-ын ЕА-н 80 дугаар чуулганы үеэр Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөхөө мэдэгдээд байгаа юм.