Йемен улсын Хүти босогчдын бүлэглэлийнхэн ням гарагт тус улс дахь НҮБ-ын салбарт дайран орж, НҮБ-ын 11 ажилтныг баривчлан саатуулсан байна. Тэд Йемен улсын нийслэл Санаа болон Ходейда хот дахь НҮБ-ын байранд дайран орж, НҮБ-ын харьяа Дэлхийн хүнсний хөтөлбөрийн 7 ажилтан, Хүүхдийн сангийн 3 ажилтан гээд хамгийн цөөндөө 11 ажилтныг баривчилж, НҮБ-ын эд хөрөнгийг хураан авчээ.
Йемен улсад суух НҮБ-ын төлөөлөгч Ханс Грундберг НҮБ-ын ажилтнуудыг баривчилсан явдлыг буруушааж, ямарваа болзолгүйгээр нэн даруй суллахыг шаардсан байна.
Түүний хэлснээр Хүти бүлэглэл хэдийнээ НҮБ-ын 23 ажилтныг барьж саатуулаад байгаа. Тэдний дийлэнх нь 2021-2023 онд баригдсан юм байна. Энэ оны 1-р сард гэхэд НҮБ-ын 8 ажилтныг баривчилсан ажээ.
Израилаас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Йеменд өгсөн агаарын цохилтын улмаас Хүти бүлэглэлийн ерөнхий сайд Ахмед Галеб Нассер аль Рахави бусад албаны хүмүүсийн хамт амь үрэгджээ. Хүти бүлэглэл үүнтэй холбогдуулан Ираны дэмжлэгтэйгээр НҮБ-ын байруудад дайран орж, ажилтнуудыг нь баривчилжээ. Тус бүлэглэл цаашдаа ч Израилын эсрэг довтолгоогоо нэмэгдүүлэх амлалтыг өгөөд байна.
Арван жилийн турш үргэлжилсэн иргэний дайны хөлд Йемен улс Дэлхийн хамгийн хүнд хэцүү, хүмүүнлэгийн хямралтай орны нэг болж хувираад байна. Тус улсын хүн амын талаас илүү хувь нь олон улсын тусламжид найдан амьдарч байгаа юм.