Увс аймгийн Малчин сумын Хайрхан багийн нутаг дахь Хяргас нууранд хийлдэг гудастай хүн алга болжээ. Уг хүн Хяргас нуурын хойд эрэг Хартэрмэст гэр бүлээрээ амарч байсан аж. Тэрээр 9-р сарын 7-ны 20:30 цагийн орчимд нууранд хийлдэг гудастай хөвж байгаад, салхинд туугдан алга болсон гэнэ. Түүнийг ар гэрийнхэн нь осолдсон байж болзошгүй хэмээн 20:58 цагт аврагчдад ханджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид 9-р сарын 8-ны өдрийн 07:00 цагаас иргэн Х /27 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08:40 цагт нуурын эргээс урд зүгт 8 км зайтай Загасны хошуу гэдэг газраас эсэн мэнд олжээ. Тэрээр хийлдэг гудастайгаа салхинд туугдан хөвсөөр нуурын урд эрэгт хүрсэн байна.
