Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сайханмод газарт мод бэлтгэж байсан хүний 2 настай хүү алга болоод байна. Өнөөдөр 14:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, ахмад Б.Батзориг олон нийтэд мэдээлэл өглөө.
Булган аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги, аймгийн Засаг даргын Тамгын газар, Тариалан сумын ЗДТГ, Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0257-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 321-р тусгай салбар, сумын мэргэжлийн анги, Шинэ-Идэр сумын ЗДТГ, ар гэрийн хүмүүс, орон нутгийн сайн дурын нийт 237 хүн 2 бүлэг болж хуваагдан, эрлийн ажиллагааг эрчимжүүлж байна. 1 бүлэг нь хойд зүгт, нөгөө бүлэг нь урд зүгт ой самнаж байна. Тэд хээрийн штаб байгуулжээ.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэх бүрэлдэхүүн Сайханмод уулан дээгүүр нисдэг тэргээр 2 удаа хайгаад байна. Дулаан мэдрэгчтэй дрон нь эрэлд оролцож байгаа хүмүүсийн биеийн дулааныг мэдрээд байгаа аж. Мөн өндөр өвстэй ой учраас дрон нисгэхэд тохиромжгүй байгаа гэнэ.
Эрлийн ажиллагаанд нэмэлт хүч болгон, өнөөдөр Орхон аймгийн Онцгой байдлын газар, Хөвсгөлийн Их-Уул сумын Мэргэжлийн анги Тариалан сум руу хөдөллөө.
