Дорнод аймгийн Баян-Уул сумын Уртын-Адаг багийн нутгаар урсах Баадайн голд өчигдөр шатахуун тээвэрлэж явсан цистерн онхолдож, 8 тн шатахуун асгарчээ. Дорнод аймгийн Баян-Уул сумаас Хэнтий аймгийн Дадал сум руу 12 тонн бензин, 5 тонн дизель түлш тээвэрлэж явсан “Beiben North Benz HLQ525” загварын машин /цистерн/ замын хажуу руу унаж, дээшээ харсан аж.
Уг ослын тухай дуудлагыг 18:24 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 53 дугаар анги хүлээн авч, Баян-Уул сумын Цагдаагийн тасаг, “Монгол зам” ХХК-ийн ажилчидтай хамт осон байна. Тэд уг машиныг татан босгож, шатахуун асгарсан талбайд шороо асгаж, тосыг саармагжууллаа.