Хүний эрхийн Үндэсний Комисс “Хүний эрх ба цахим технологи” нээлттэй арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт Булган, Эрдэнэт, Дархан-Уул болон Сэлэнгэ аймгуудад зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа Дархан-Уул аймгийн Прокукорын газарт ажиллаж, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх явц дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын зөвлөх Б.Ууганбаатартай санал солилцов.
Энэ үеэр прокурорын байгууллагаас “Зорчих эрхийн хүрээнд цахим гавд ашигладаг батарейнаас үүдэлтэй зорчих эрхээ хасуулсан хүний гар шархлах эрсдэл гарч байна. Мөн тухайн хүн зүүх гавныхаа төлбөрийг өөрөө төлдөг учир давхар шийтгэл хүлээж байна” гэв. Тус аймагт залилан, хулгай, хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, хүүхэд мансуурсан, ахуйн хэрэглээний газ үнэрлэж амь насаа алдсан тохиолдол ч гарчээ. Мөн иргэдийн шилжилт, суурьшилтай холбоотойгоор гэмт хэргийн гаралт 30-42 хувиар өсч, ачаалал нэмэгджээ.
Өнгөрсөн жил 2 жилийн хугацаанд цахимаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор орох туршилтыг хийсэн байна. Цаашид энэ туршлагыг хэрэгжүүлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цаг хэмнэх үр дүнтэй болохыг гэж прокурорууд хэлж байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил дээр тусдаа нь прокурорын хяналт тавих, энэ төрлийн гэмт хэргээр дагнасан, мэргэшсэн прокурор бий болохоор ажиллаж байгаа юм байна.
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, цаашид хүний эрхийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр бодитой үр дүнд хүрэхүйц арга хэмжээ авч ажиллах шаардлагатайг онцоллоо.
