П.Эрхэмбаяр: Цэцийн шийдвэр эцсийнх. Сонсгол хийж, хэлэлцэхгүй


УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэв. Энэ талаар хуульч П.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарлаа. Та үүнд хуулийн тайлбар өгөөч. Үндсэн хуулийн дагуу явж байгаа процесс уу, аль эсвэл зарим гишүүний тайлбарлаад байгаа шиг хууль зөрчсөн явдал уу?

-Сүүлийн хэд хоног Үндсэн хуулийн цэцийн үүсгэсэн маргаантай холбоотой маргаан үүслээ. Эрх бүхий албан тушаалтан эсвэл Улсын Их Хурлаас гарсан тогтоол, эрх зүйн актууд Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг маргаан. Үүний дагуу цэц өчигдөр шийдвэрээ танилцууллаа. Тэгэхээр цэцийн шийдвэр эцсийнх учраас Улсын Их Хурал хүлээж авч, хянахгүй, сонсгол хийхгүй. Тэгэхээр Улсын Их Хурлын 95-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт хийсэн.
Тэгэхээр цэцийн энэ шийдвэр эцсийнх үү?
-Тийм. Дүгнэлтийн агуулгын хувьд бол Үндсэн хуулийн цэц маш тодорхой хууль зүйн техникуудыг ашиглаж, тайлбар хийсэн байна. Хөндлөнгөөс харахад, Монгол Улсын Үндсэн хууль гэдэг байгууллагын манаач нь цэц. Маш хариуцлагатай албан тушаалтай субьектүүд учраас хуулийн хүрээнд ажиллах ёстой. Хоёрдугаарт, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль процессын дагуу явах ёстой.

Нийгмийг талцуулаад юм уу, эсвэл хардлага төрүүлээд байгаа хэд хэдэн нөхцөл байдал үүслээ. Яагаад гуравхан хоногийн дотор маргаан үүсгэж байгаа юм. Ер нь яагаад бага суудал, дунд суудлаар хэлэлцэлгүйгээр их суудал руу оров. Дээр нь өмгөөлөгч авах эрхээр яагаад хангаагүй тухай. Татгалзлын асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм гэдэг. Хурал хаалттай, эсвэл нээлттэй байх ёстой байсан уу гэдэг нөхцөл байдал үүслээ.

-Нийгэмд өнөөдөр шийдлээ хүлээсэн олон асуудал байна. Гэтэл нэг намын даргын сунгаанаас үүдэлтэй асуудал Үндсэн хуулийн цэц хүртэл явлаа.

-Ер нь бол намын дотоод маргааныг Үндсэн хуулийн цэц хүртэл авчирч байгаа эрх баригчдад бол үнэхээр сэтгэл дундуур байна.

Бензин тос байхгүй. Нийгмийн асуудал хүнд. Төсвөө баталж чадахгүй. Ийм цаг үед бид шал өөр асуудал яриад, маргаад суучихлаа. Энэ бол харамсалтай.

Цэц ер нь ямар нөхцөлд маргааныг хянан шийдвэрлэдэг вэ?

-Цэц хоёр асуудлаар хоёр төрлийн нөхцөлөөр маргааныг хянан шийдвэрлэдэг. Нэгдүгээрт, иргэдээс ирсэн өргөдөл, гомдол. Энэ бол тусдаа. Бага суудлаараа хэрэг үүсгээд, тэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол маргалдагч тал гомдол гаргаад, дунд суудал, их суудал гээд явдаг зохицуулалт бий. Нөгөөдөх нь эрх бүхий албан тушаалтнуудаас хүсэлт ирвэл маргааныг шууд их суудлаар хэлэлцдэг. Тэр хүсэлт нь Монгол Улсын хэмжээнд ач холбогдол багатай, яаралтай биш гэж үзэх юм бол 90 хоног хүртэлх хугацаанд тааваараа ажлаа хийгээд, маргаан үүсгэж болдог.

Үндсэн хуулийн цэц яагаад маш яаралтайгаар маргаан үүсгэсэн бэ гэвэл 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Түүн дээр Ерөнхий сайдыг огцорсноос хойш 30 хоногийн хугацаанд дараагийн Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараана гэсэн заалттай. Эрхтэй биш шүү. Ерөнхийлөгч тараасан ч болно, тараахгүй ч байж болно гэсэн үг биш. Бүр тараах үүрэгтэй. Тараахгүй бол Ерөнхийлөгч өөрөө асуудалд орох хуулийн зохицуулалттай учраас Үндсэн хуулийн цэц маш яаралтайгаар энэ маргааныг хянан хэлэлцэх нь зөв байж, хуулийн хүрээндээ ажилласан байна гэж харж байгаа.

Яагаад үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очиж байгаа юм гэхээр үндэсний аюулгүй байдлыг бид томоор ойлгож, бодож болохгүй. Энэ маш жижиг зүйл. Яг өнөөдрийн байдлаар УИХ-ыг тараавал төсөв байхгүй. Дахин сонгууль хийлээ гэж бодоход нийгэмд стресс бухимдал их байна. Бензин тосгүй боллоо. Энэ үед бид үймээн самуун гэдэг зүйл рүү халтирч орох эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон учраас үүнийг үндэсний аюулгүй байдал мөн байна гэж цэц үзээд, маргааныг яаралтай шийдвэрлэсэн байна.

Өмгөөлөгчийн асуудлаар бас маргаан дэгдсэн.

-Цэц маргааныг шийдвэрлэхдээ мэдээжийн хэрэг маргалдагч талуудын эрх ашгийг хангах ёстой. Магадгүй өмгөөлөгч оролцуулна гэдэг эрхээр хангаагүй байгаа нь бас зөрчил байх үндэстэй. Нөгөө талаас авч үзвэл гурав хоногийн дараа хурал болно. Хурлын үеэр “Өмгөөлөгч авна” гэж хэлнэ гэсэн тактикаар оролцож, хурлыг хойшлуулна гэсэн арга хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ цэцийн маргаанд “Өмгөөлөгч авах эрхтэй шүү” гэж гарын үсэг зуруулдаг. Гарын үсэг зурсан цагаас хойш тухайн субьектүүд юу хийх, яах нь өөрсдийнх нь асуудал. Үндсэн хуулийн цэц өөрөө өмгөөлөгчөөр хангах үүрэггүй.

Гуравдугаарт, хэн дуртай нь “Энэ хуулийн төсөл, энэ Үндсэн хуулийн өөрчлөлт нь дээр цэцийн 1 гишүүн ажиллаж байсан учраас татгалзан гарна” гэсэн үндэслэл тавьж болдоггүй.

Цэцийн гишүүн ямар нөхцөлд хуралдаанаас татгалздаг юм бол?

-Цэцийн гишүүн тухайн маргаан дээр иргэний болон захиргааны хэргийн үйл явцын үед оролцож байсан, түүнээс хойш 2 жилийн хугацаа дуусаагүй бол татгалзан гардаг. Маргагч хоёр талын хэн нэгэнтэй нь гэр бүлийн харилцан хамааралтай байх юм бол татгалзан гардаг. Цэцийн хэн нэгэн гишүүн нь олон нийтийн сүлжээгээр тухайн асуудлаар урьдчилсан дүгнэлт хийсэн баримт байх юм бол татгалзан гардаг. Эдгээр татгалзал шууд байхгүй бол өөр үндэслэлээр цэцийн гишүүнийг татгалзан гаргаж болохгүй гэсэн үг.

Хуралдаан нээллтэй явж байгаад больсон. Ер нь хаалттай, нээлттэй явуулах талаар хуульд заасан байдаг уу?

-Цэцийн хуралдаан нээлттэй байх ёстой. Төрийн нууц, албаны нууц, хувь хүний нууц, иргэдийн аюулгүй байдалтай холбоотойгоор хуралдааныг хаалттай явуулж болно гэсэн зохицуулалттай. Магадгүй өчигдрийн нөхцөл байдлын хувьд цэцийн хурлын дэгийг зөрчиж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэцийг муухай харагдуулах, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл цацах, эмх замбараагүй байдалд нөлөөлөх гэсэн гишүүдийн үйлдлээс болоод хаалттай явуулах шийдвэр гаргасан байж болно. Энэ тохиолдолд цэцэд эрх нь бий.

Ерөнхийлөгч байна уу, Ерөнхий сайд байна уу, УИХ-ын гишүүн байна уу, хэн ч байсан гэсэн Үндсэн хуулийн цэцийн танхимаар ороход, тэр албан тушаалын дээлээ тайлдаг. Маргагч тал болж хувирдаг. Тэгээд цэцийн гишүүн, маргагч тал, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, ирсэн субъектүүдын л нэр томъёо ярина.

Эрх бүхий албан тушаалтан эсвэл УИХ-аас гарсан тогтоол, эрх зүйн акт Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн маргаан үүсэж, цэц өчигдөр шийдвэрээ гаргаж, танилцууллаа. Цэцийн шийдвэр бол эцсийнх. Тиймээс одоо УИХ хүлээн авч, хянах, сонсгол хийх хуулийн заалт байхгүй.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *