УИХ-ын гишүүн С.Ганбаатар гишүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгадаг явдлыг болиулах санаачилга гаргаж байгаа. Түүнээс энэ талаар тодрууллаа.
-Та ямар шалтгаанаар гишүүдийг хууль хяналтынхан шалгаж болохгүй гэж үзэж байгаа юм бэ?
-Та нар хуулийн байгууллагад шалгуулахгүйгээр 4 жил гишүүн гэдэг халхавчны цаана суух гэж байна гэж үзэж байна уу?
-Тийм мэдээлэл гарч байна шүү дээ.
-Тэр бол огт худлаа. Та нар миний гаргасан энэ цаасны зургийг аваарай. Энэ бол Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай юм шүү. Ямар нэгэн хуулийн төсөл биш. Энэ хүсэлтэд УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдонгуут бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг байх асуудлыг яаравчлан шийдээч ээ. Би эсрэг зүйл ярьсан байгаа биз дээ. Үндсэн хуулийн 29.3-т зааснаар “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдвол УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлээч ээ” л гэж байгаа юм. Үндсэн хуулийн 29.3-ыг гажуудуулаад байна. Үндсэн хуулийн 29.3 гажуудсан байна. УИХ-ын тухай хуулийн 45 дугаар зүйлд УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулаад, шалгаад, байцаагаад, яллаад яваад байхыг энд заачихсан.
Би үүний эсрэг. “Гэмт хэрэгт холбогдонгуут нь л бүрэн эрхээс нь түдгэлзүүлээч ээ” гээд байгаа юм. Би тайлбарлая. Энэ бол Монголын ард түмэнд ашигтай. Монголын ард түмэн өөрийнх нь сонгосон төрийн эрхийг барьж байгаа төлөөлөгч байнга байцаагдаад, байнга шүүх, цагдаа дээр явж байна гэдэг хараат бус байдалд нь нөлөөлнө. Миний ярьж байгаа энэ зүйлд хамгийн их дургүйцэх хүмүүс бол хууль хяналтын байгууллагын толгойд хүнээ шургуулчихсан дарангуйлагч, Монголын баялгийг хулгайлчихсан улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд. Яагаад гэвэл энэ бүлэглэлүүд УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шүүх, хууль хяналтын байгууллагаар яллаад л зовоогоод байвал УИХ дээр Оюутолгой шиг, уран шиг аюултай ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүд их гарна аа л гэсэн үг. Та нар миний энэ хүсэлтийг уншвал дархлагдсан хулгайч нар бүрэн эрхийн ард 4 жил нуугдана гэдэг үг байхгүй. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдонгуут бүрэн эрхийнх нь тухай ярьж эхлээч ээ гэж байгаа юм.
-Та өөрөө энэ агуулгаараа өөрийнхөө хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэх асуудал тавих уу?
-Би шалгагдаад, яллагдаад, одоо УИХ-аар оруулж ирж байгаа. Би хуулийнханд хэлж байгаа. “Миний бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа та нар асуудлаа яриач ээ” гэж.
-Та өөрийнхөө хүсэлтээр түдгэлзэж болдоггүй юм уу?
-Энэ нь УИХ-ын гишүүний асуудал шүү дээ. Өөрөөс шууд шалтгаалахгүй шүү дээ. УИХ-ын системийн тухай ярьж байхад, та нар миний тухай яриад байх юм. Яг нөгөөдүүлийн захиалга. УИХ-ын хараат бус, хэнээс ч айхгүйгээр үгээ хэлдэг байх тэр эрх чөлөөний тухай би үүнийг ярьж байгаа шүү.
-Тэгвэл таны ярьсныг яагаад мушгиж ярьсан гэж бодож байна вэ?
-Одоо бүлэг дээрээ би асуудлыг танилцуулна. Яагаад мушгисныг би та бүхэнд хэлж өгье. Том том бүлэглэл хууль хяналтын байгууллагын толгойд хүнээ оруулах гэж үргэлж уралддаг. Энэ нууц биш. УИХ-ын гишүүн биш, иргэн болоод шалгуулчихвал энэ том уул уурхайн мафи болсон улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдэд ямар ч сонирхолгүй. Бүрэн эрхтэйгээ байгаад шалгуулаад, яллуулаад яваад байна гэдэг бол тэдэнд нөлөөлж, Монголын ард түмний эсрэг, баялгийг нь дээрэмдэх шийдвэр гаргах магадлал өндөртэй.
-Гэмт хэрэгт холбогдсон гэдгийг яаж тайлбарлах юм бэ? Тодруулахгүй юу?
-Үндсэн хуулийн 29.3-т гэмт хэрэгт холбогдсон тухай гээд заачихсан байгаа. Тэгвэл тэгээд л гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлаа оруулж ирээд л бүрэн эрхийг нь түдгэлзүүл. Тэр хүн жирийн иргэний хувиар хангалттай яллуулаад, дүгнүүлээд явж болно. 100 мянган сонгогчийг төлөөлөөд, 3.5 сая иргэний төлөө шийдвэр гаргаж байгаа хүн байцаагчийн ширээний өмнө очно гэдэг бол УИХ-ын хараат бус байдалд шууд нөлөөлнө. Үг хэлэхдээ айж хэлнэ гэдэг бол ард түмний талд шийдвэр гаргах нь эргэлзээтэй болж эхэлнэ.
-Та өөрөө яллагдагчаар татагдан, шалгагдаж байгаа шүү дээ. Та хамгийн сүүлд хэзээ мэдүүлэг өгсөн бэ?
-Би бараг 6-7 удаа мэдүүлэг өгөөд, боогдоод, яллах дүгнэлт нь бэлэн болчихсон байгаа. Та нар санаа зовохгүй байж болно.
-Та чуулганы хуралдаан дээр 17 гишүүн шалгагдаж байгаа тухай хэлсэн. Маш олон гишүүн шалгуулж байгаа болж таарлаа. Яг хэн хэн байгаа юм бол?
-17-гоос ч илүү байгаа. УИХ-ын гишүүнийг байцаагаад л, зовоогоод л, яллаад л байдаг. Сая АН-ын бүлгийн хурал болж байхад, шүүх хурал давхцаад байна. Хуралдаа очиж чадахгүй нь гээд 1 гишүүн мэссэж бичсэн.
-Аль гишүүн бэ?
-Нэрийг нь хэлэхгүй. Хувь хүний асуудал шүү дээ. Би худлаа яриагүй ээ. УИХ-ын гишүүнийг байцаагаад, шалгаад, зовоож байгаа явдлыг нь асуухаар “Мөрдөн байцаалтын нууц” гээд хав дарчихдаг.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
