Мал хулгайлах гэмт хэрэг, мах хууль бусаар тээвэрлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мал, мах 2025” нэгдсэн арга хэмжээг ЦЕГ-аас улсын хэмжээнд зохион байгуулж байна. Иргэд идэш бэлтгэх цагийг тааруулан, жил бүр ийм арга хэмжээ зохион байгуулдаг. Өнөө жилийн арга хэмжээ 11 дүгээр сарыг дуустал үргэлжилнэ.
Иргэд, малчид мал, мах тээвэрлэхдээ холбогдох бичиг баримтаа бүрэн бүрдүүлэхийг ЦЕГ зөвлөлөө.

Бүрдүүлэх баримт бичиг:
1. Улаанбаатар хот, суурин газар луу мал тээвэрлэх бол бүх малын зургийг нэг бүрчлэн им, тамга харагдахуйц дарна уу!
2. Улаанбаатар хот, суурин газар луу мах бэлтгэн илгээж буй бол малын амьд үеийн зураг, төхөөрсний дараах толгой, арьсны зургийг авч, баримтжуулсан байхыг зөвлөе.
3. Хэн нэгнээс хүнсний зориулалтаар мал худалдан авч байгаа бол малын им, тамга тод, содон зүс тод харагдахуйц зураг дарах хэрэгтэй. Уг малыг зарсан хүний зургийг хамт оролцуулан авахыг анхааруулъя.
4. Мал, мах тээвэрлэх бол мал эмнэлгээс гэрчилгээ заавал авах, цагдаагийн байгууллагад бүртгүүлэх, мал эмнэлгийн улсын байцаагчаар заавал баталгаажуулсан байх хэрэгтэй.
