Хөвсгөл далайн хойд эргээр сүүлийн 40 жилд ороогүй их цас энэ намар унаад байна. Хатгал сумын Жанхай чиглэлд 10 дугаар сарын 15-ны байдлаар цасны зузаан 1 метр 30 см, гуу жалгандаа 1 метр 50 см хүрсэн. Тус сумын Онцгой комисс зам гаргаж, малчдаа нүүлгэн шилжүүлсэн. Эзэнтэй мал ийн их цаснаас холдож, өвстэй газарт очсон бол зэрлэг амьтад хэцүүдэж байгааг Улаантайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга, Байгаль орчны гавьяат ажилтан Ж.Төмөрсүх цахим хуудсаараа дамжуулан, олон нийтэд мэдээллээ.

Улаантайгын УТХГХЗ-ны дарга, Байгаль орчны гавьяат ажилтан Ж.Төмөрсүх:
-Манайхан зун согооны нялх өнчин илийг 9 сар хүртэл сүүгээр угжиж тэжээгээд, бугын ижил сүрэгт өвөлжүүлэхээр ууланд тавьсан юм. Гэтэл их хэмжээний цас (90 см) орсноор тэжээсэн илий гэртээ буцаад ирлээ. Одоо ууланд амьдрах боломжгүй болсон тул машинаар ачиж, төвийнхээ хашаанд авчрав. Адууны унагатайгаа хамт ижилдэн дасаж, дараа хавартай золгоорой. Удахгүй цас хайлж, ногоо гарахад, уулын хувь заяагаар чинь дахин ууланд тавина аа. Чиний амьдрах орчин, гэр бол уул юм.
Ууланд 40 гаруй буга, согоонд өвс тавьж өглөө. Өвөл эхлээгүй байх чинь …Хавар ирэх нь ирнэ… Олон жил зүтгэж, бий болгосон буга, согоотойгоо хавартай золгох нь бидний зорилго юм.

