Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /11-р сарын 6-7/ цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчилэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд хүн төөрсөн, сураггүй болсон тухай 3 дуудлага иржээ. Тэдний 2-ыг аврагчид эсэн мэнд олсон бол 1 иргэний цогцсыг олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Уул багийн Эрээн-Уулын нөмөрт өчигдөр мотоциклоор хонь хариулж явсан өсвөр насны хүүхэд 16:00 цагт сураггүй болсон аж. Энэ мэдээллийг 21:50 цагт ирүүлсний дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, шөнийн 03:15 цагт эсэн мэнд олов.
Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багийн нутаг дахь хуучин бригадын төвд айлд очсон А өнгөрсөн шөнө 00:20 цагт гэр лүүгээ харихаар мотоциклоор гарчээ. Түүнийг гэртээ очоогүй тул ар гэрийнхэн нь аврагчдад ханджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг тэр даруй эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 03:15 цагт түүнийг эсэн мэнд оллоо.
Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн М 11-р сарын 6-ны 11:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болжээ. Тус аймгийн Онцгой байдлын байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Цагдаагийн тасаг, сумын мэргэжлийн анги түүний цогцсыг өнөөдөр /2025.11.07/ 08:10 цагт олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурах тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээлэлд үндэслэн хол, ойрын замд гарахгүй байх, малаа ойрын бэлчээрт бэлчээж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
