Төв Азийн хэвлэл мэдээллийн 25-р чуулганд оролцлоо


Узбекистан улсын Ташкент хотод өнгөрсөн долоо хоногт “Хэвлэлийн эрх чөлөө ба бүс нутгийн сорилтууд” нэрийн дор зохион байгуулагдсан Төв Азийн хэвлэл мэдээллийн 25-р чуулганд Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) оролцож, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдал, хэвлэл мэдээллийн байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэх чиглэлээр байр сууриа илэрхийлэв. ХМЗ-ийг төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга У.Тамир, ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллага (IFMS)-ын үүсгэн байгуулагчдын нэг, Удирдах зөвлөлийн гишүүн Х.Ариунчимэг нар оролцож, чуулганы хэлэлцүүлэг, сургалт, уулзалтуудад оролцлоо.

ЕАБХАБ-аас зохион байгуулсан энэхүү чуулган хэвлэл мэдээллийн орчинд тулгамдаж буй нийтлэг сорилтууд, тэр дундаа улс төрийн нөлөөлөл, санхүүгийн хараат байдал, цензур, хууль эрх зүйн дарамтыг бүс нутгийн түвшинд хэлэлцдэг.

Монгол Улс бүс нутгийнхаа олон оронтой харьцуулахад илүү эрх чөлөөтэй хэвлэл мэдээллийн орчинтой ч улс төр, эдийн засгийн амаргүй сорилтууд, хэвлэл мэдээллийн эко системийн хөгжлийн сул байдал нь сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлаж буй онцлох хүчин зүйл болж байна. Дижитал шилжилт болоод эдийн засгийн амаргүй цаг үед хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмыг илүү бэхжүүлж сэтгүүл зүй нийтийн эрх ашгийн төлөөх үнэт зүйл, мэргэжлийн ёс зүйгээ чанд мөрдөж байхын чухлыг ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга У.Тамир онцоллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *