Увс аймгийн Тэс сумын Ханжит багт 10 дугаар сарын 22-нд айлчилсан баавгайн араас тус сумын ЗДТГ, Байгаль орчны тасаг, аймгийн Байгаль орчны газар, зэрлэг амьтан хамгаалах “Цэгц” төв, Хилийн цэргийн 0311 дүгээр анги, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас бүрдсэн ажлын хэсэг бүтэн сар хөөцөлдсөний эцэст 11 дүгээр сарын 29-нд барилаа.

Уг амьтан байршлаа хурдан өөрчилж, зарим үед хаашаа ч юм алга болж байсан тухай тус аймгийн Байгаль орчны газар мэдээллээ.

Энэ хугацаанд ажлын хэсэг өдөр бүр эргүүл хийх, урхи байрлуулах, хоол хүнс тавих зэргээр уг баавгайг барихаар 20 гаруй хоног тууштай ажиллажээ. Ингээд Тооромт хэмээх газар байрлуулсан урхинд уг хүрэн баавгай орсон байна. Ажлын хэсэг торонд орсон баавгайг унтуулан, зарим төрлийн шинжилгээ авч, хэмжилт хийн, дата мэдээлэл цуглуулжээ. Тус баавгайг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутагт шилжүүлэхээр болоод байна.





