Шүүх засаглалд дабль стандарт тогтсон юм биш биз?


Сургуулийн багш, захиралд хатуурхаж, прокурорт зөөлөн хандсан шүүхийн шийдвэртэй ард түмэн эвлэрэх болов уу?

Өнгөрсөн 7 хоногт шүүхээр шийдэгдсэн хоёр хэрэг Монгол Улсад шүүх тогтолцоо шударгаар ажиллаж байна уу, үгүй юү гэдэг эргэлзээг олон нийтэд төрүүллээ. Тодруулбал: Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон прокурор асан Э.Амарбатын хэрэг. Харин нөгөө нь сургуулийн спорт заалны түрээсийг хувьдаа ашигласан сургуулийн багш, захиралд шүүхээс сонсгосон ял. Сурагчдын ашиглах ёстой сургуулийн спорт заалыг бусдад түрээслүүлж, маш их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан сургуулийн захиралд 2 жил 6 сарын хорих ял оноож, нийтийн албанд 4 жил ажиллах эрхийг нь хасан, 175 сая төгрөгөөр торгожээ. Захирлын энэ үйлдэлд хамжигчаар оролцсон биеийн тамирын багш нарт тус бүр  2 жил хорих ял оноов.

Харин прокурор асан Э.Амарбатыг шүүх албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгасан ч хорих ял оноолгүй, нийтийн албанд зүтгэх эрхийг нь 4 жилээр хасаж, 27 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Хүүхдийн сурч хөгжих эрхийг хумин боогдуулах замаар хувьдаа ашиг хонжоо олсон захирал, багш нарын үйлдэл мэдээж увайгүй. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш нарын улсад учруулсан хохирол, албан тушаалаа урвуулан ашигласан улсын прокурорын учруулсан хохирлоос илүү их байж чадах уу гэдэг нь анхаарал татаж байна. Прокурор асан Э.Амарбатын хувьд бусдыг амиа хорлоход хүргэсэн, бусдыг залилсан зэрэг хэд хэдэн хэрэгт ял сонссон найз Б.Мандахбаяртаа туслахын тулд улсын прокурорын албан тушаалаа урвуулан ашигласныг нь шүүх тогтоогоод байгаа юм.

Прокурор асан Э.Амарбатад үүсгэсэн авлигын хэргийг шүүх хүчингүй болгосон. Гэвч тэрбумаар тоологдох мөнгөн дүн яригдах ашигт малтмалын ордтой холбоотой асуудалд бусдад давуу тал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр албан тушаалаа урвуулан ашигласан гэдгийг нь шүүх тогтоогоод байгаа юм. Хууль сахин хамгаалах үүрэгтэй прокурор хүн газрын хэвлийн баялгийг хууль бусаар эзэмших гэсэн этгээдэд давуу байдал үүсгэсэн асуудалд шүүх хорих ял оноогоогүй байна. Зөвхөн 27 сая төгрөгийн торгууль ногдуулаад, нийтийн албанд ажиллахыг нь хориглолоо. Харин сургуулийн спорт заалыг хувьдаа ашигласан багш нарыг маш их хэмжээний хохирол учруулсан хэмээн 30 сар торны цаана суулгахаар болжээ.

Прокурор асан Э.Амарбатын тухайд авлигын хэрэгт холбогдсон гэдэг шалтгаанаар 2024 оны 12-р сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэрбээр өмнө нь Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга болон АТГ-ын Мөрдөх байцаах хэлтсийн дарга, УЕП-ын дэргэдэх Мөрдөх байцаах албаны мөрдөн байцаагчаар ажиллаж байсан түүхтэй.

Бага цалинтай багшид албан тушаалаа урвуулан ашигласны төлөө хорих ял ногдуулж байж, өндөр цалинтай прокурорт сургуулийн захирлын торгуулиас 6 дахин бага торгууль оноожээ.

Хууль шүүхийн салбарынхан нэгэндээ давуу тал олгож байна уу эсвэл өмнө нь хашиж байсан нөлөө бүхий албан тушаал нь Э.Амарбатад давуу тал үүсгэсэн үү гэдгийг бид мэдэхгүй. Гэхдээ шударга шүүх ардчилсан улс орны аюулгүй байдлын гол баталгаа болдог. Харин Монголын шүүх тогтолцоо ямар нэгэн дабль стандартгүй шударга шийдвэр гаргаж чадаж байна уу, үгүй юү гэдэг нь өнөөдрийн анхаарал татсан сэдэв боллоо.  

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *