Дорнодын бүх сумаас орох, гарах хөдөлгөөнийг хаалаа


Дорнод аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор өнгөрсөн шөнөөс маргааш өглөө хүртэл буюу 3 дугаар сарын 2-ны 04:00 цагаас 3 дугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл бүх сумдаас орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаалаа. Цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс ийм шийдвэр гаргав.

Өнөөдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд болон зүүн хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурч байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр өнөөдөр буюу 3 дугаар сарын 1-2-нд шилжих шөнөөс эхлэн 3 хүртэл нийт нутгаар ахиухан хэмжээний цас орно. Салхи зүүн хойноос баруун хойш эргэж, секундэд 12-14 метр, Матад, Халх голын сав нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэх, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Үүний улмаас зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, мөстөх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг аюултай нөхцөл байдал бий болохыг анхааруулж байна.

Дорнод аймгийн Халхгол суманд 2 дугаар сард олон жилийн дунджаар 4.8 мм хур тунадас ордог бол өнгөрсөн 2 дугаар сард 6 өдөрт 12.1 мм цас орсон байна. Цасны зузаан цаг уурын ажиглалтын талбайд 15 см, хунгарласан газартаа 50 см-ээс 2 метр хүртэл зузаан байна.Иймд иргэд, жолооч нар цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж, онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *