АНУ-ын Жоржиа мужид орших нэгэн ахлах сургуулийн багшийн гэр лүү сурагчид нь нойлын цаас шидэж, prank (шоглоом) хийж байгаад зугтахдаа санамсаргүйгээр машинаар дайрч, амийг нь хөнөөжээ. Жоржиа мужийн ахлах сургуульд багшилдаг 40 настай Жэйсон Хьюзийг гэртээ байх үед сургуулийнх нь 5 хүүхэд гэр лүү нь нойлын цаас шидээд байсан тул гэрээсээ гарч, тэднийг хөөжээ. Жэйсон тэднийг хөөж эхлэх үед хүүхдүүд хоёр өөр машинд суун, зугтсан байна. Гэвч бороо орсны улмаас хөрс халтиргаатай байсан тул Жэйсон халтирч унан, хүүхдүүдийн унаж явсан машины нэгнийх нь доогуур орсны улмаас амиа алджээ.
Тухайн машиныг жолоодож байсан 18 настай хүү зогсож, Жэйсонд тусламж дуудсан байна. Яаралтай тусламжийнхан Жэйсонг эмнэлэгт хүргэсэн ч гэлээ шархаа даалгүй амиа алджээ.
Үүний дараа Жэйсон Хьюзийн гэр лүү нойлын цаас шидэж тоглосон 5 хүүхдэд эрүүгийн хэрэг үүсгэж, ял оноохоор төлөвлөжээ. Машиныг жолоодож байхдаа Жэйсонг мөргөсөн 18 настай хүүг “Автомашинаар хүний амь хороосон”, харин түүнтэй явж байсан 4 хүүхдэд “Бусдын эд хөрөнгөд зөвшөөрөлгүй нэвтэрсэн” хэрэгт буруутгасан байна.
Гэвч машинд мөргүүлж амиа алдсан ахлах сургуулийн багш Жэйсон Хьюзийн эхнэр, мөн тус сургуульд багшаар ажилладаг Лаура Хьюз тус хүүхдүүдэд хэрэг үүсгэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ.
“New York Times”-д өгсөн ярилцлагадаа тэрбээр “Нөхөр маань сургуульдаа хүүхдүүдээр хайрлуулдаг нэгэн. Хүүхдүүд нойлын цаас шидэж эхлэх үед Жэйсон тэднийг prank хийж байгааг мэдэж байсан болохоор баярласандаа барих гэж оролдсон. Даанч золгүй явдал тохиолдлоо. Гэхдээ манай гэр бүл өөр нэгэн золгүй явдал тохиолдохоос сэргийлж, тэр хүүхдүүдийн амьдралыг сүйтгэмээргүй байна. Жэйсон хүүхдүүдийн амьдралд тус болохын тулд амьдралынхаа турш багшилсан болохоор тэдэнд хэрэг үүсгэх нь Жэйсоны хүслийн эсрэг байх болно” гэж мэдэгджээ.
Жэйсон Хьюзийн багшилдаг байсан ахлах сургуулийн багш, ажилтнууд түүний оршуулганд зориулж, хүндэтгэлийн ёслол хийхээр товлосон байна.
Эх сурвалж: BBC
