Цахим мөрийтэй тоглоомыг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Эрүүгийн хуулиар Монгол Улсад бүрэн хориглосон. Мөн мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулагчдад банкны дансаа удаа дараа ашиглуулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Прокурорын байгууллага уг хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад банкны дансаа ашиглуулсан нэр бүхий 7 хүнд холбогдох 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн “…Б.Н нь 2025 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Хаан” банкны харилцах дансыг мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад ашиглуулахаар тохиролцож, хариу төлбөр авсан, улмаар мөрийтэй тоглоом зохион байгуулагчид нь 2025 оны 8 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 22-нд дансанд нь 62,6 сая төгрөгийг цахим мөрийтэй тоглоомын бооцоо хэлбэрээр төвлөрүүлэх боломж олгож, мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн” хэрэгт анхан шатны шүүх Б.Н-ийг Эрүүгийн хуулийн 20.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Түүнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, мөн түүний дансанд төвлөрсөн цахим мөрийтэй тоглоомын мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Иймд иргэдийг мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад банкны харилцах данс, утасны дугаар, цахим хаяг, цахим мөнгө зэргээ ашиглуулахгүй байхыг санууллаа. Хэрэв ашиглуулсан тохиолдолд тэдний үйлдэлд дэмжлэг үзүүлж буй хэлбэр гэж үздэг. Энэ нь танд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдгийг анхаарууллаа.
20.19 дүгээр зүйл.Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
1.Мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
