Прокурорын байгууллага 2026 оны 4 дүгээр сарын 06- 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,384 хэрэгт хяналт тавьжээ.
Дээрх хугацаанд 1,548 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 901 хэрэг шинээр нээж, 376 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдээс дурдвал,
– Б.А нь “… клиник”-ийн эрхлэгчээр ажиллах байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус тасагт хэвтэн эмчлүүлж буй нэр бүхий иргэдийн дансаар дамжуулан олгогддог нийгмийн халамжийн тэтгэврийг виза карт ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 19-нийг хүртэл хугацаанд авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан, бусдад 16,7 сая төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
– Э.Э нарын 6 хүнд холбогдох Монгол Үндэсний морьт харвааны 18 хурдан морийг Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын аманд бэлчээрт байхад нь 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө тууж, хулгайлсан, улмаар мах нядлах газарт худалдан борлуулж, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэг (Олон тооны мал, бүлэглэж хулгайлах), 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
– С.Т нь Баян-Өлгий аймгийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайг зөвшөөрөлгүйгээр агнаж, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд өвөлжөөндөө баавгайн түүхий эд болох сарвууг хадгалсан экологи эдийн засагт 12 сая 450 мянган төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ан агнах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
