Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй мазаалай баавгайг хамгаалах цогц ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын ховор амьтан, ургамал хамгаалах “Мазаалай” нийгэмлэг, “Хүрээлэн” төслийн гэрэл зурагчин У.Ганбаяр болон Говийн их дархан цаазат газрын А хэсгийн Хамгаалалтын захиргаа хамтран, Баруун Тооройн баянбүрдээс 4-р сарын 14-нд мазаалай баавгай барьж, сансрын дохиололтой хүзүүвч зүүлээ. Тэд 150 кг жинтэй мазаалай баавгай барьж, сансрын дохиололтой хүзүүвч зүүж, эд болон үснээс нь судалгаа, шинжилгээниы дээж авчээ.

Энэ хүзүүвч байршлын мэдээлэл дамжуулахаас гадна бичлэг хийдэг. Мазаалайн шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг нарийвчлан судлах боломжийг уг хүзүүвч бүрдүүлж байна.

