Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн Улаанхавцалд энэ сарын 14-нд гарсан хээрийн түймрээс 3 малчин айл өртөх шахжээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Дөхмийн уурхайд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, “Цагаан залаат” ХХК-ийн нийт 53 хүн, 10 автомашинтайгаар уг түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулсан байна. Тэд 4-р сарын 4-ний 21:40 цагт түймрийг цурамд оруулан, өчигдөр 17:15 цагт унтраав.
Малчин Б-ын 4 ханатай 1 гэр, Б-ын 5 ханатай 1 гэр, Б-ийн 4 ханатай 1 гэрийг уг түймрээс хамгаалж чаджээ. Урьдчилсан байдлаар түймэрт 2000 га талбай өртөж шатсан байна.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн Өлзийтхүрэн гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 260 км, сумын төвөөс баруун урд зүгт 42 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 11:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Дарьганга суманд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Эрэн хайх, аврах салбар, Сүхбаатар сумын “Дөхмийн уурхай”-д ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан, Дундговь аймгийн Онцгой байдлын газар, ХЦ 0146 дугаар ангийн алба хаагчид, “Далай булаг” ХХК-ийн нийт 46 хүн, 8 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.15-ны өдрийн 23:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 24000 га талбай өртөж шатсан.
Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Хөндлөн хайлааст багийн “Бухын цагаан булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 275 км, сумын төвөөс урд зүгт 55 км/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар анги, Матад суманд мөн үүрэг гүйцэтгэж байсан Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, ХЦ 0146 дугаар анги, Эрдэнэцагаан сумын Мэргэжлийн ангийн нийт 51 хүн, 8 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.15-ны өдрийн 23:10 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 24000 га талбай өртөж шатсан.
